НИТХ-ын ээлжит бус хуралдаан арваннэгдүгээр сарын 27-нд болж, хотын дарга С.Батболдыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн. Ингэхдээ Ерөнхий сайдыг өөрийн биеэр энэ асуудлаа танилцуулах ёстой гэж байсан юм. Улмаар завсарлагыг долоо хоногийн хугацаатай өгсөн. Гэвч хотын дарга С.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө Ерөнхий сайдад өгсөн. Ингэснээр НИТХ-аар Ерөнхий сайдын хотын даргыг огцруулах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй болсон юм.
Тэгвэл НИТХ-ын ээлжит ХХ хуралдааныг маргааш 10.00 цагт үргэлжлилж хотын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол Ерөнхий сайд түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байна. Иймээс маргааш НИТХ-ын хуралдаан эхлэхийн өмнө Ерөнхий сайд хотын дарга С.Батболдыг чөлөөлсөн бичиг ирүүлсэн байх шаардлагатай гэсэн тухай зарим эх сурвалж мэдээлж эхэллээ.
Түүнчлэн хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, хотын менежер Т.Гантөмөр нар өрсөлдөх болов уу гэсэн яриа байгаа ч Ерөнхий сайд өөрийн хүнээ томилуулж магадгүй гэцгээж байна.