Л.Болд гишүүн АН-ын бүлгээс гарах албан бичгээ өгчээ

АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жилийн турш АН-аас УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа бус АН-ын бүлгээс гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. 

 

Тэгвэл тэрбээр УИХ дахь АН-ын бүлгээс гарах тухай албан бичгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлжээ. Тус бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрыг огцруулахтай холбоотой УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хийсэн санал хураалтын дүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гурван гишүүнд АН-ын удирдлагаас ногдуулсан шийтгэлийг эсэргүүцэж миний бие УИХ-ын тухай хуулийн 26.12-д заасны дагуу УИХ дахь АН-ын бүлгээс гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.