Л.Сосорбарам Хонгконгт аваргаллаа

“Asian Judo Open Hong Kong -2018” жүдо бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, -66, -73, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн барилдаанууд явагдаж манай улс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна. Тус тэмцээнд нийт 29 орны 220 жүдоч хүч үзэж байна. Эхний өдөр манай улсаас -52 кг-ын жинд “Буэнос Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам алтан медаль хүртлээ. Тэрбээр Индонез, БНХАУ, Австралийн жүдочдыг ялж финалд шалгарсан бөгөөд аваргын төлөө нутаг нэгт залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Бишрэлтийн Хорлоодойг цэвэр ялсан байна. Түүнтэй энэ жинд өрсөлдсөн Б.Хорлоодой БНСУ, Канадын жүдочдыг ялж финалд шалгарсан. Мөн энэ өдөр -66 кг-ын жинд ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг, -73 кг-ын жинд Наранхүүгийн Хадбаатар нар хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн -60 кг-д Догсомын Билгүүн, -73 кг-д Ганболдын Чойжилсүрэн, -63 кг-д Цог-Очирын Сүнжидмаа нар тавдугаар байр эзэлсэн байна. Маргааш буюу 12 сарын 2-ны өдөр хүнд жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд хүч үзнэ.