У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаг өнөөдөр шийднэ

У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар өнөөдрөөс нэг жил хоёр сарын өмнө байгуулагдаж байв. Тэгвэл энэ Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг арваннэгдүгээр сарын 19-нд өргөн барьсан. Ингэхдээ “Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж, ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн нэр бүхий 27 гишүүн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байгаадаа хүлцэл өчиж байна. Яагаад гэвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал үүссэн. Бидэнд Монгол Улсаа гэх том эрх ашиг бий. Намын эрх ашиг бол жижиг эрх ашиг гэж үзсэн учраас гарцаагүй байдалд хүрсэн. Тиймээс Монголын ард түмэн, намын гишүүд дэмжигчдээс хүлцэл өчиж байна” хэмээж байсан юм.

 

Холбогдох хуульд зааснаар Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж улмаар 14 хоногийн дотор УИХ-аар эцэслэн шийдэхээр заасан байдаг. МАН-ын Удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанд Засгийн газрыг огцруулах үндэслэлийг өргөн барьсан гишүүд оролцоогүй. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо даваа гаригт хуралдаж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 62,5 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. 

Түүнчлэн, Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын чуулганаар орохоос өмнө Ёсзүйн дэд хороо хуралдаж ЖДҮХ сангаас зээл авсан нэр бүхий гишүүд, сайд нарын асуудлыг хэлэлцэнэ хэмээн завсарлага авсан. Гэвч ирц хүрээгүйн улмаас хойшлогдсон. Түүнчлэн Засгийн газрыг огцруулах санал гаргасан 27 гишүүдийн зүгээс ЖДҮ-тэй  холбогдсон гишүүдэд ашиг сонирхолын зөрчил үүсч болзошгүй тул Засгийн газрыг огцруулах  санал хураалтад оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж Ёсзүйн дэд хороонд  шаардлага хүргүүлсэн ч мөн хэлэлцэж амжаагүй. Хэрэв өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө Ёс зүйн дэд хорооны ирц хүрч хуралдаж амжвал ЖДҮ-тэй холбогдсон гишүүд санал хураалтад оролцохгүй байх нөхцөл бүрдэж магадгүй юм.