АТГ: Л.Оюун-Эрдэнэ гишүүний хамаарал бүхий компанийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгаж байгаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ. Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулан шалгана хэмээн мэдэгдсэн" хэмээн ярьсан.

 

Тэгвэл энэхүү асуудлаар АТГ-аас яаралтай хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд тус газрын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням эхний мэдээллийг өгсөн. Тэрбээр "АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна" хэмээсэн юм. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар тодорхой асуудлууд дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрбээр "ЖДҮХС-ийн асуудлаар 2018 оны аравдугаар сард НПГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж АТГ-т шилжүүлснийг шалгаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд ЖДҮХС-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэхийг шалгаж байгаа. Өчигдөр Нийслэлийн прокурор мэдээлэл өгсөн учраас та бүхэн тодорхой мэдээлэлтэй байгаа байх. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ гишүүний хамаарал бүхий компанийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудал шалгаж байгаа. Түүнээс биш гишүүд, улстөрчдийн ар гэрийнхнийг байцаагаад, цагдан хорьсон зүйл байхгүй" хэмээн тодотгосон юм. 

АТГ-аас Л.Оюун-Эрдэнэ гишүүний талаар өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.