ОБЕГ болон УЦОШГ-аас дөнгөж сая мэдээлэл өглөө. Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн даргын мэдээлснээр ойрын өдрүүдэд цаг агаарын эрс өөрчлөлт болж, гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байгаа ажээ. Тодруулбал, энэ сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар, 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи салхилж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Бусад нутгаар маргааш, нөгөөдөртөө дулаахан байх ч арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүйтэрнэ. Тодруулбал, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурах ажээ. Түүнчлэн ирэх сарын 2-ноос ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-20 градусаар хүйтний эрч эрс чангарах бөгөөд Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна" гэв.