УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр тов ёсоор эхэлсэн ч ЖДҮХС-тай холбоотой гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхээр болж, хойшилсон. Тэгвэл Ёсзүйн дэд хорооны хурал ирц хүрээгүйн улмаас 14.00 цаг хүртэл хойшиллоо. Хурал эхлэхээс өмнө УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсныг товчлон хүргэж байна.
-Ёс зүйн хорооны хурлаар ЖДҮХС-тай холбогдсон сайд гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Ямар шийдвэрт хүрэх бол?
-УИХ-ын гишүүд болон сайд нар ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон асуудлаар иргэд, ААН, ТББ-аас Ёс зүйн хороонд тодорхой шаардлага ирүүлсэн. Ёсзүйн дэд хорооны дүрмийн дагуу хууль хяналтын байгууллага шалгаж байгаа хэргийг Ёсзүйн дэд хороо давхар шалгадаггүй. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорт хандаж холбогдох бичгийг авсан. Одоо энэ бичгээ хэлэлцэх шаардлагатай байна. Мөн ТББ-аас ЖДҮ-ийн зээлийн асуудалтай холбогдсон нэр бүхий гишүүд, сайд нарыг чуулган, байнгын хороодод оруулахгүй байх, санал хураалтад оролцуулахгүй байх ёстой гэж байгаа. Тиймээс Ёсзүйн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэж шийдээд, чуулганаа хуралдуулъя гэж байна.
-Ёсзүйн алдаа гаргасан байна гэж үзвэл ямар хариуцлага тооцох вэ?
-УИХ-ын гишүүний Ёсзүйн дүрмэнд хариуцлагын санкцууд байдаг. Үүнд заасан арга хэмжээний дагуу хариуцлага тооцно. Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар ямар нэгэн дүгнэлт гаргахгүй, ёсзүйн арга хэмжээ авахгүй. Энэ хурлаар ашиг сонирхлын зөрчил байна уу, ямар байдлаар шийдэх вэ гэдэгт л хариулт өгөх юм.
-Ёсзүйн дэд хороогоор дээрх асуудлуудыг авч хэлэлцээд ямар нэгэн дүгнэлт гаргахгүй юм байна. Тэгэхээр хуралдах шаардлага байгаа юм уу?
-Дүгнэлт гарахгүй. Гэхдээ миний бодлоор Ёс зүйн дэд хорооноос Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй. Хэрхэн яаж шийдвэрлэхээ одоо ярилцана. Зөрчил үүссэн гэж үзвэл тухайн гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх эрхтэй. УИХ-ын дэгийн тухай хуульд мөн энэ талаар заасан байгаа.
-Хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогоогүй байхад чуулганы хуралдаанд оролцуулахгүй гэдэг нь ямар учиртай вэ?
-Оролцуулахгүй гэж байгаа юм биш. УИХ-ын гишүүний бүрэн эрх. Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хуулийн дагуу мэдэгдэх үүрэгтэй. Үүнийхээ дараа оролцохгүй байх нь өөрийнх нь бүрэн эрх.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гишүүн танд бичиг өгөх гэсэн боловч авахгүй байна гэсэн?
-Авчихсан. Наймдугаар сард бичиг ирүүлсэн. Аравдугаар сард чуулган эхэлсэн. Ёсзүйн дэд хорооны дүрмэнд өргөдөл гомдол ирсэн бол ирсэн өргөдөл гомдлыг Ёсзүйн дэд хорооны гишүүнд хуваарилна гэж. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт өгсөн байгаа.
-Чуулган маргааш хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж чадах уу?
-Хуулийн хугацаандаа чуулганы хуралдаан хуралдах ёстой.