ГАШУУН СУХАЙТ РУУ ХҮРЭХ УРТЫН УРТ ТЭЭВРИЙГ ЦУЦАЛЖЭЭ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит  хуралдаанаар нүүрсний тээврийн асуудлыг хэлэлцжээ. Улмаар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт богино болгосон байна. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцах бөгөөд дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсодог нь арилах аж. 

Түүнчлэн Ерөнхий сайд нүүрс тээврийн 161 компанид жолооч нарын цалинг нэмэхийг уламжилжээ. Мөн ЗТХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгч, Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо.

Монгол улс БНХАУ хооронд өнөөдрийн байдлаар нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байна. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгсэлтэйгээ нийлээд нийт 13079 тээврийн хэрэгсэл тээвэр хийж байна. 13 мянган жолооч хүнд нөхцөлд төсвийн орлого бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга мэдээллээ.