Нүүрс тээврийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайтад ажиллаж байна. Уг ажлын хэсгийнхэн БНХАУ-ын талтай уулзалт хийжээ. Уулзалтын дүнд хятадын талаас хил дээрх нүүрснээс татан авалтыг хийж эхэлсэн байна.
Тус улсын хил, гаалиас "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна. Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргахаар тохиролцоод байна.
Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм байна. Татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болсон тухай ажлын хэсгээс мэдээлжээ.
Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулжээ. Одоогийн байдлаар тус чиглэлийн замд 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэллээ. Дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ