40 жилийн түүхтэй Багануурын уурхайд тун таагүй асуудал үүсээд байгаа ажээ. Тодруулбал, тус уурхайн удирдлагууд өнгөрсөн наймдугаар сараас хойш ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй дээр нь уурхайн хүнд даацын машинууддаа дизель түлш хийх мөнгөгүй болтлоо санхүүгийн хүнд байдалд оржээ. Энэ бүхнээс шалтгаалан тус үйлдвэр аравдугаар сарын 17-нд 3 цагийн турш бүрэн зогсолт хийсэн бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл цаашид яах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Уг нь тус уурхайд цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгждэг. Түүний нэг нь Дэлхийн банкнаас ус шүүрүүлэх станцыг шинэчлэн тоноглох төслийн хүрээнд 25 тэрбум төгрөгийн зээл авахаар болсон явдал. Гэвч санхүүгийн хүндрэлд орсон тус уурхайн удирдлагууд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн үлгэр болж явна. Учир нь дээрх төслийн мөнгөний эхний ээлж болох 12,5 тэрбум төгрөг өнгөрсөн долоодугаар сарын эхээр уурхайн дансанд оржээ. Гэвч уурхайн удирдлагууд төслийн зээлээ зориулалтаар нь ашигласангүй. Харин 11 тэрбумыг нь “Сод Монгол”-руу дизель түлш худалдан авсан өрөндөө өгчээ. Харин үлдсэн 1,5 тэрбум төгрөгийг нь Нийгмийн даатгал, Татварын өрөндөө өгөөд дуусгасан бөгөөд ажилчдынхаа цалинг Голомт банкнаас зээлж авч төлсөн гэх мэдээлэл байна.
Иймээс л байдал энэ хэвээрээ үргэлжилбэл яах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Учир нь удахгүй өвлийн хүйтэн эхэлж, дулааны станцуудын ачаалал нэмэгдэнэ. Гэтэл цахилгаан станцуудын 70 хувийг дангаар нь нүүрсээр хангадаг Багануурын уурхайд асуудал хүндэрвэл нийслэлчүүд хөлдөх үү эсвэл өөр арга зам хайх уу гэдэг нь асуудал болоод байгаа юм.