“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас тэрбумын зээл авсан Б.Батзоригийг шалгавал яасан юм, АТГ   

Баянзүрх дүүргийн 300 мянган иргэнийг банхарын хөшөөгөөр “хамгаалуулсан” гэх Б.Батзориг сайдын бас дуулиант мэдээлэл олны анхааралд орлоо. Энэ нь  УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд гэх албатай тэрбээр эхнэрийнхээ нэр дээр байдаг “Тээвэр ачлал”ХХК-ийн нэр дээр нэг тэрбум 400 сая төгрөгийн зээл авчээ.

Мөн түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” компани 950 сая төгрөг, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын эхнэрийн нэр байдаг “Эпото анарваан” ХХК мөн л нэг тэрбум 200 сая төгрөгийн зээл авчээ. Ингэснээр жирийн иргэдэд бол сураг нь дуулдах төдий болоод бараа нь алсардаг мөнгө хэдхэн хүний товчхондоо бол худал амлалт сайхан үгээр гарч ирсэн гишүүдийн халаас руу нь ордог нь тодорхой боллоо.

Уг нь улстөрийн намууд сонгууль дөхөхөөр ард түмэндээ жигтэйхэн хайртай болдог. Иймдээ ч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгадаг. Гэвч бодит байдал энэ. 

Юутай ч 2018 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж иргэн, аж ахуйн нэгжүүдэд 65 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгохоор УИХ-аас баталж өгсөн билээ. Энэ мөнгийг зарцуулах эрх мэдэлтэн нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт бий. Мөн зарим эх сурвалжууд тус яам Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг хүссэн төслийг энэ оны дөрөвдүгээр сарын 3-16-ны өдрүүдэд хүлээн авсан. Улмаар Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар хэлэлцээд одоогийн байдлаар 140 компани, хувь хүнд зээл олгохоор шийдэж, санхүүжилтийг шийдвэрлээд явж байгаа гэсэн мэдээллийг өгсөн байсан. Гэтэл УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, тэдний дунд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрөө сангийн мөнгөнөөс нэг тэрбум 500 саяыг туучихсан байгаа нь хачирхалтай. Бас үүнийг ашиг сонирхлын зөрчил гэхээс аргагүй юм. Иймээс ч энэ асуудлыг АТГ шалгахад буруудахгүй биз.

Нөгөө талаар УИХ-ын зарим гишүүн тэр дундаа ХНХ-ын сайд С.Чинзориг өөрийн байр суурийг илэрхийлдэг. Ингэхдээ тэрбээр  “Жижиг дунд үйлдвэр бол ХХААХҮЯ-ны хариуцах асуудал биш. Энэ яам том болон дундаас дээш үйлдвэрлэлээ хариуцаж, бодлогоо барих ёстой. Харин жижиг дунд үйлдвэр бол  хөдөлмөр эрхлэлтийн бодлого, ХНХЯ-ны хариуцах ёстой ажил” гэж хэлж байсан. Үнэхээр асуудлыг бодлогын түвшинд аваад үзвэл түүний энэ санаа зөв. Яагаад гэвэл тус сан олон хүний анхаарлын төвд байдаг. Хугацаа урт, бага хүүтэй зээл авах гэсэн улстөрчид жагсаж байдаг нь ч нууц биш. Иймээс Засгийн газар энэ асуудалд яаралтай анхаарал хандуулж “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-г ХНХ-ын яаманд хариуцуулбал яасан юм.

Эс тэгвэл 280 саяар банхарын хөшөө босгочихоод “Би Баянзүрхийн иргэдийг хамгаалсан” хэмээн балайрдаг, цаашлаад Засгийн газар энэ мөнгөөр жижиг дунд үйлдвэрийн салбарынхныг хөгжүүл гэхээр өөрийнхөөө эхнэр болон тойрон хүрээлэгч хэдхэн УИХ-ын гишүүнд  тэрбумаар гаргаад өгчихдөг сайд цаашид юу ч хийж мэдэх юм шүү.

Т.ЗӨНБИЛЭГ