АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг бусдаас хахууль авч байхад нь саатуулсан. Ингэхдээ авлига өгч байсан хүнтэй нь хамт баривчлан цагдан хорьсон. Тэгвэл Авлигатай тэмцэх газаас өчигдөр Кембрижийн сургалттай “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг саатуулсан байна. Түүнийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьсан бөгөөд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа ажээ.
Албан эх сурвалжийн өгсөн мэдээллээр түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Тус сургуулийн хувьп БСШУСЯ-ны харьяа олон улсын лаборатори сургууль бөгөөд 2011 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан. Сургалтын үйл ажиллагаагаа явуулахдаа Олон улсын хөтөлбөр, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Кембрижийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг гурван сургуулийн нэг юм. Ингэхдээ үндсэн хичээлүүдээ англи хэлээр үздэг бөгөөд наймдугаар анги төгсөөд олон улсын шалгалтуудад орох эрхтэй болдог. Харин 12 дугаар ангиа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсдөг юм.