“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан, ингэхдээ улсын өмчийн үйлдвэрийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэргээр саатуулан шалгаж буй. Тэгвэл БЗД, СБД, Чингэлтэй дүүргийн шүүхээс түүний цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан байна. Албаныхны мэдээлснээр "Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүгийн хорьж мөрдөх хугацааг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн аж. Улмаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авч яллагдагч Ш.Батхүүгийн цагдан хорьж мөрдөх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 68/16 дугаартай шүүгчийн захирамжаар 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн ажээ.
