Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болсон. Энэ үеэр түлш шатахууны тасалдалттай холбоотой асуудалд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбар өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Нийслэлийн хэмжээнд ДТ, АИ-92 зарагдахгүй байна. Та “удахгүй нийлүүлэлт хийгдсэнээр хэвийн болно” гэж мэдэгдсэн ч байдал дээрдсэнгүй?
-Асуудлаа шийдэж байна. Та нар ОХУ-д юу болж байгааг сайн ойлгож байгаа шүү дээ. Уул уурхайн яам бэлтгэлтэй байсан уу гэдгийг сайн шалгаарай гэж хэвлэл мэдээллийнхнээсээ байнга хүсэж ирсэн. Ес, найм, долдугаар сард дизель түлш болоод шатахууны агуулах сав дүүрсэн. Маш сайн татан авалт хийсэн. Энэ бол бэлтгэл ажлаа хангасан гэсэн үг. Өнгөрсөн Ням гаригт АИ-92 шөнөдөө дууссан. Даваа гаригт шатахуун түгээх станцуудын 70 хувь нь "хоосон" байсан бол өчигдрийн байдлаар 40 хувь нь ажиллаж байна.
Ард иргэддээ хандаж хэлэхэд, АИ-92 дээр бол тайвшраач ээ, үнэ өсөхгүй гэдгийг хэлье. Шатахуун түгээх станц дээр оочерлож байгаа иргэдийн 70 хувийнх нь автомашины бензин дуусчихсан байна. Харин 30 хувь нь машиныхаа банкны талаас илүү шатахуунтай хэрнээ дугаарлаж байна. Банкныхаа талаас илүү хувьд бензин, шатахуунтай хүмүүс битгий ШТС дээр дээр оочерлоод бай, бусаддаа боломж олго. Бүх хүн банкаа дүүргэнэ гэвэл ачаалал ямар болох вэ гэдгийг ойлго. Нийлүүлэлт буухгүй, үнэ өсөхгүй.
Монголд нийлүүлэлт тасалдахгүй, үнэ өсөхгүй гэдгийг энэ цаг хугацаа харууллаа. Нийлүүлэлт байгаа болоод энэ олон мянган дарааллын ард гарч байна.
Гадаадын зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ унаж байна. 70 ам.доллараас доош бууж байна. Долларын ханш тогтвортой байна, нөөц нь хангалттай байна. ДТ гэхэд Хятадаас евро-5 ангиллын түлш хангалттай орж ирж байна, зарагдана. Хятадаас 6000 тонн түлш бууж байна. Бага зэргийн үнэтэй.
-Орон нутгийн замд түлшгүйгээс зогссон машин их байна. Импортлогчид сүүлийн гурван жилд хүнд байдалд байгаагаас бойкот хийсэн гэсэн мэдээлэл байна?
-705 ам.доллараар АИ- 92 ын үнийг тогтворжуулсан. Ийм зохицуулалт хийснээр импортлогчид огт алдалгүй болсон. Хуучин 830-890 ам.доллараар импортолдог байсан.
Аж ахуйн нэгжүүд буюу нефтийн бүтээгдэхүүн импортлогчид бойкот зарлаад байгаа юм байхгүй. Ж.Ганбаатар огцорчихвол бүх юм цэгцэрчихдэг бол надад амар. Одоо жаахан тэвччих, ойрын хоёр хоногтоо асуудал шийдэгдэнэ.