ГЕГ-ын дарга Б.Асралт улсын онцгой обьектоор тоглож л байг уу

Монгол төрийн залгамж халааг хэн чаддаг нь бус харин улстөрчдийн гар хөлийг долоох шахам дагаж, цүнх барьдаг нь авдаг болсоор чамгүй он улирч байна. 2016 оны сонгуулиар л гэхэд ялсан нам улс төрд уламжлал болгодог энэ жаягийн дагуу МАН-ын томчуудын цүнхийг барьж, оймс гутлыг нь нүүр харагдтал арчиж байсан нэлээд хэдэн залуу томоохон албан тушаалд очсон.

Тэдний нэг нь өөрийн бүтээсэн амжилт, алдаа оноогоороо бус харин Сү.Батболдын хүн хэмээн элдэв хоёроороо дуудуулж танигдсан Б.Асралт. Үнэндээ түүнийг ойр дотны хүмүүс болон тойрон хүрээлэгчдээс бусад нь сайн танихгүй. Гэхдээ тэрбээр бусад цүнх баригчдаасаа ялгаатай. Хялга муутай дарга бараадан залуу насаа золин байж цүнх барьж яваа бусдаасаа хамаагүй азтай. Энэ ч шалтгаантай бөгөөд тэрбээр МАН-ын топ лидерүүдийн нэг болох Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяатай тун ойрын хамаатан. Иймээс дээд сургуулиа дүүргэсэн түүнд ажил олохын, ажилд орохын зовлон байгаагүй. Хүргэх ах Сү.Батболдын цүнхийг барьж гүйсний ачаар ахынхаа шадар туслах болж улмаар баргийн аавын хүү хаалгыг нь татаад байдаггүй ГХЯ-нд томоохон албанд шадарлаад амжсан. Мөн ахынхаа үүсгэн байгуулсан телевизийн захирлаар ажиллаж байхдаа дампууруулах дөхсөн тухай ажилчид нь ярьдаг.

Тэгвэл нэг байгууллага удирдаад аваад явах чадалгүй ийм менежмент муутай хүнийг 2016 оны сонгуулийн дараа Сү.Батболд Гаалийн ерөнхий газрын даргад зүтгүүлсэн. Дарга болгосон. Гэвч өнөөх нь байнга шахам хэл ам татлах. Тухайлбал, 2016 оны сүүлээр тэрбээр аавыгаа БХЯ-ны харьяа "Бага Баян" цэргийн амралтын даргаар томилуулсан тухай мэдээлэл олны чихийг дэлдийлгэж байсан. Түүний аав гэдэг нь мэдээж Сү.Батболдын эхнэрийнх нь том ах гэсэн үг. Уг нь уг албан тушаалд тус салбарт насаараа ажиллаж байсан хэд хэдэн хурандаа өрсөлдсөн ч тэдний хүч мөхөсдсөн юм билээ. Мөн түүнийг Гаалийн даргаар томилогдоод ирсний дараа энэ байгууллагад амьдралаа зориулж ирсэн олон хүн толгой сэгсэрч байсан. Хамт олноо удирдаж буй арга барил, үг яриа нь арай л болоогүй байна. Халаа сэлгээ хийж байна гэцгээж байлаа. Тэгвэл түүний хууль бус үйлдлүүдийн талаар АТГ өчигдөр мэдээллээ. Ингэхдээ Б.Асралт гэдэг хүн нэг, хоёрын зэрэг бус бүр 100 хол давсан хууль бус томилгоог хийсэн тухай мэдээллээ. Юутай ч Тус газрын мэдээснээр тэрбээр энэ байгууллагын дарга болоод Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлсэн байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлсэн. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сүүлийн нэг жилийн хугацаанд (2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сарын хооронд) 98 хүнийг шинээр томилсон. Ийнхүү томилохдоо орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад таваас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны наймдугаар сарын 28-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Орхон аймгийн гаалийн газрын даргаар томилсон. Мөн Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Сакейн Хавалын ХАСУМ-ийг  хянаад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэж үзэж энэ тухай мэдэгдсээр байтал Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчин, 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн Б/484 дугаар тушаалаар С.Хавалыг Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилсон хэмээн мэдээллээ.

Уг нь гаалийн байгууллага гэдэг Монгол Улсын бүрэн бүтэн байдлыг хангах онцгой обьектуудын нэг. Энд хэн нэг улстөрчийн цүнх баригч даргаар очоод, дураараа томилгоо хийн төрийн ажлыг самраад байдаг газар биш. Харамсалтай нь, үүнийг Сү.Батболдын цүнх баригч хараахан ойлгож амжаагүй бололтой. Үнэндээ бол нэг хувийн байгууллагыг аваад явах чадалгүй цүнх баригч, төрийн албаны, төрийн байгууллагын үнэ цэнэ, үнэлэмжийг яаж ч ойлгох билээ. Монголын төрөөр тоглох нь аргагүй юм.