“Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал, албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж төрд нэг тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Тодруулбал, дээрх этгээдүүд 2016 оны аравдугаар сард нэр бүхий аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд давуу байдал олгож Хөгжлийн банкны барьцаанд байсан хоёр ширхэг Belaz 75131 маркын машиныг зах зээлийн бодит үнээс өндөр үнээр худалдан авч төрийн өмчид 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. АТГ-ынхан энэ хууль бус үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дуусган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.

Мөн Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсны улмаас “Монголросцветмет” ХХК-д 546,4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.