Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас уран олборлохын тулд газар доор уусган олборлох технологийг ашиглана. Үүнийг сонссон олон хүн, тэр дундаа иргэний хөдөлгөөнийхөн “Газрын хэвлий рүү хор шахах гэж байна. Хүн, малгүй хордоно” хэмээн эртнээс сэнхэрүүлсээр ирсэн. Тэгвэл газрын доор уусган олборлох технологийн талаар хамгийн их анхаарал татаж буй баримтуудаас хуваалцъя.
Олборлолтын хамгийн эко технологи
Ер нь ашигт малтмал олборлох гурван арга бий. Эхнийх нь ил уурхай. Том техникүүдээр газар ухаж, эрдэс баялгийг олборлон боловсруулдаг. Мэдээж энэ арга нь байгаль орчинд халтай. Тоосжилтоос эхлээд олон асуудал дагуулдагийг нүүрс олборлолтын жишээнүүдээс бид хангалттай мэдэх болсон. Дараагийнх нь гүний уурхай. Цооног ухаж эрдэс баялаг агуулж буй хүдрийн биетэд хүрээд олборлох үйл явц юм. Хүн, техникгүй газрын гүнд ажиллана, тэсэлгээ хийнэ, хүдрээ олборлож, дээш гаргаж боловсруулна. Оюутолгойн гүний уурхай энэ жишгээр явдаг.
Гурав дахь арга бол бидний гол сэдэв болсон газар доор уусган олборлох технологи юм. Уг аргыг маш товч тайлбарлавал, газрын гүн дэх ордоос ураныг уусгаж, дараа нь ямар ч чулуулаг хөдөлгөхгүйгээр газрын гадарга руу татаж боловсруулах үйл явц юм. Үүнийг нарийн цооногуудаар дамжуулж хийнэ. Ингэхдээ газрын гадаргуу дээр байгалийн унаган төрхийг эвдэх ямар нэг өөрчлөлт хийхгүй, гүний усыг бохирдуулдаггүй онцлогтой. Газар доор уусган олборлох технологийг 50 орчим жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн. Дэлхийд нийт ураны ордын тал орчим хувийг уг аргаар олборлодог байна.
Яагаад бүгд энэ технологиор олборлодоггүй вэ?
Уг технологи байгаль орчинд хамгийн хал багатай юм бол яагаад ураны бүх ордыг энэ аргаар олборлож болдоггүй юм хэмээх асуулт гарна. Хариулт нь энэ арга гидрогеологийн тодорхой нөхцөлийг шаарддаг. Өөрөөр хэлбэл, олборлолт явуулах бүс нутгийн геологийн тогтоц нь үндсэн 4-5 шаардлагыг хангасан тохиолдолд газар доор уусган олборлох технологийг ашиглах боломжтой болдог. Тухайлбал, ус үл нэвчих шаварлаг давхаргуудаар бүрхэгдсэн байх ёстой. Ингэснээр олборлолт явуулсан усан давхрага саванд байгаа мэт түгжигдэж, дээш, доош, хажуу тийш алдагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн, цэвэр уст давхрагыг хөндөхгүй, гүний усыг бохирдуулахгүй байх учиртай. Зөвхөн өндөр эрдэсжилттэй, үйлдвэрлэлийн зориулалттай уст давхрагтай хэсэгт олборлолт явуулах юм. Энэ шаардлагуудыг манай Зөөвч-Овоо орд бүрэн хангадаг тухай Монгол Улсын зөвлөх инженер, гидрогеологич Д.Сурмаажав хэлж байна. Тиймээс Зөөвч-Овоо ордод олборлолт явуулснаар хүн, мал ундаалдаг худаг химийн бодисоор хордоно гэх айдас өрөөсгөл аж.
Маш нарийн хяналт тавих боломжийг бүрдүүлдэг
Тухайн орд нь ГДУО технологийг ашиглан олборлолт явуулах гидрогеологийн нөхцөлийг хангаж байна гэдэг нь хөрөнгө оруулагч компани төдийгүй төр засгийн хувьд хамгийн баяртай мэдээ гэж ойлгож болно. Гэхдээ нэгэнт гидрогеологийн нөхцөлийг хангаж байгаа юм чинь ямар ч хяналтгүй олборлолт явуулна гэж ойлгож болохгүй. Уг технологийн бас нэг давуу тал нь маш өндөр түвшний хяналтыг тавих боломжийг олгодог. Юуны өмнө олборлолт явуулах хэсэг хүртэл цооног гаргаж, битүү хоолойнууд суурилуулж өгдөг. Эдгээр хоолойнуудын нэг талаар хүхрийн хүчилтэй уусмал шахаж, нөгөө талын хоолойгоор ураны баяжмалыг соруулан авах үйл явц явагдана. Хоолой битүү учир шахах, соруулах явцад ямар нэг алдагдал хөрс рүү нэвчихгүй. Гэхдээ уг баталгаанд найдахаас гадна олборлолтын цооногуудыг тойруулж хяналтын цооногуудыг гаргаж өгдөг. Эдгээр нь цооног нь хөрсний өнгөн хэсгээс эхлээд олборлолт явуулж буй давхрага хүртэл хэд хэдэн түвшинд байрлана. Улмаар эдгээр цооногоос байнгын дээж авч, хяналтыг тавьдаг. Жишээ нь 20 метрийн гүнд хөрс, усанд ямар нэг өөрчлөлт гарч буй эсэхийг тухайн гүнд суурилуулсан хяналтын цооногоос дээж авч, анхны мэдээлэлтэй харьцуулах замаар мэднэ. Хэрэв олборлолтын явцад ямар нэг эрсдэл үүсч хөрс, гүний усанд химийн бодис алдах юм бол хяналтын цооногуудыг тойрон гарах ямар ч боломжгүй юм. “Тав алхалгүй” баригдана гэж ойлгож болно. Энэ утгаараа ГДУО технологийг ашигласнаар хяналтыг маш найдвартай хийх боломж бүрддэг.
Олборлолт эхлэхээс өмнө 2021 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид шаардлагатай бүхий л суурь судалгааг эхлүүлсэн юм. Мэдэж үүнд усны шинжилгээ, гидрогеологийн судалгаа багтаж байгаа. Ингэснээр олборлолт эхлэхтэй зэрэгцэж хөндлөнгийн хяналтыг хийх бэлтгэл хангагдсан гэж ойлгож болно.
Хүхрийн хүчил хорт хавдар үүсгэхгүй, генийн өөрчлөлт хийхгүй
Одоо хүхрийн хүчлийн тухай ярьцгаая. Хүхрийн хүчил идэмхий шинж чанартай бодис юм. Тийм ч учраас газрын гүн рүү хүхрийн хүчилтэй уусмал шахаж, ураныг уусган соруулан авах замаар ашиглана. Ингэхдээ сулруулсан хүхрийн хүчлийн уусмал ашиглана. Энэ нь нэг литр усанд 5-20 грамм хүхрийн хүчил хийхтэй ижил хэмээн ойлгоход болно.
Хэрэв ямар нэг алдаа гарч, хүхрийн хүчилтэй уусмалыг алдвал хэрхэх вэ. Хүхрийн хүчил идэмхий шинж чанартай. Алдсан тохиолдолд энэ чанарын үйлчлэл л явагдана. Жишээ нь арьсан дээр асгахад арьс түлж гэмтээнэ. Түүнээс биш хорт хавдар үүсгэж, генийн өөрчлөлт хийхгүй.
Ер нь бидний эргэн тойронд хүхрийн хүчил элбэг хэрэглэгддэг. Автомашин бүрт аккумулятор бий. Ялангуяа, хөдөө орон нутгийнханы хэрэглэж байгаа нар, салхины эрчим хүчний эх үүсвэрүүд бүгд аккумуляторт цэнэгээ хуримтлуулдаг. Уг аккумуляторт 40 орчим хувийн хүхрийн хүчил байдаг. Хэрэв хүхрийн хүчил хорт хавдар үүсгэж, генийн өөрчлөлт хийдэг байсан бол бид хот, хөдөөгүй ганц аккумуляторын хэрэглээнээс болоод л нийтээрээ хордсон байх байлаа. Хүхрийн хүчил идэмхий л шинж чанартай болохоос биш хордуулах үйлчилгээгүй аж. Агаарт ууршиж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Харин хүхрийн хүчлийг газарт асгавал ургамлын үндсийг идэж, өвс ургамалыг ургах аргагүй болгоно. Хүхрийн хүчил саармагжих хүртэл энэ үйл явц явагдана. Гэхдээ говьд хаа сайгүй хүхрийн хүчилтэй уусмал асгахгүй. Зөвшөөрөгдсөн хувь тунгаар битүү хоолой дотор л эргэлдэнэ. Уурхайд ашиглах хүхрийн хүчлийн уусмал нь аккумуляторынхоос 20-30 дахин сул юм.
Бас нэг зүйл нь ГДУО технологид хүхрийн хүчил ашиглаж байгаа нь эрсдлийг дахин бууруулдаг. Тухайлбал, Америк зэрэг оронд ГДУО технологийг ашигладаг ч хүхрийн хүчил бус илүү хүчтэй шүлтлэг уусгагчийг хэрэглэх нь элбэг. Энэ нь уран оршиж буй үндсэн уст давхаргад байх бусад эрдсийн найрлагаас үүдэлтэй юм. Шүлтлэг уусгагч хүхрийн хүчилтэй харьцуулахад өндөр өртөгтэй, хамгийн гол нь уусгах өндөр чанартай тул эргээд байгаль орчинд үзүүлэх эрсдлийг тэр хэрээр өсгөдөг байна. Гэхдээ АНУ-ын Цөмийн зохицуулах хорооноос мэдээлснээр уг технологи анх үүссэн цагаасаа хойш 50 жилийн хугацаанд ашиглагдах явцад ундны ус бохирдуулсан нэг ч тохиолдол гараагүй аж.
Бидний анхаарах ёстой хоёр асуудал
Эцэст нь дүгнэхэд, бидний хамгийн их санаа тавих ёстой асуудлыг энд дурдая. Юуны өмнө ГДУО технологи, хүхрийн хүчил ашиглах асуудалд санаа чилээх хэрэггүй. Угаас олон улсад шалгарсан технологи, аргачлал юм. Харин бид олборлолт явуулах үед технологийн алдаа гарсан тохиолдолд түүнийг хянах чадамжтай л байх ёстой. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн хяналт тавих эрдэмтэн судлаачид өндөр чадамжтай, багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, хараат бус байх нөхцөлийг хангахад болно.
Дараагийн асуудал нь олборлолт явагдаад дууссаны дараа уурхайн хаалтын төлөвлөгөөг тодорхой болгосон байх учиртай. Ихэнх тохиолдолд газар доор уусган олборлох технологиор олборлолт явуулсны дараа газар доор үлдэж буй хүхрийн хүчил болон бусад эрдэс ууссан уст давхрагыг байгалийн жамаар нөхөн сэргээгдэнэ гэж тооцоод үлдээдэг. Энэ нь ч боломжтой хувилбар аж. Тухайлбал, Казахстанд олборлолт дууссаны дараа ингэж үлдээсэн уст давхрага 12 жилийн дараа анхны байгалийн өгөгдөл рүүгээ очиж, дахин ашиглах боломжтой болсон жишээ ч байна. Гэхдээ заавал байгальд нь найдаад үлдээх шаардлагагүй. Олборлолт явуулж дууссаны дараа шахах болон татах цооногоор хүхрийн хүчилтэй уст давхрагыг хоосон эргэлдүүлж, энэ дунд нь шүүлтүүр тавих замаар уурхайн олборлолтын үед бий болсон бодисын хуримтлалыг шүүн авч болдог. Өөрөөр хэлбэл, олборлолт явуулсны дараа шууд нөхөн сэргээх боломжтой гэсэн үг.
Нийтлэлийн төгсгөлд, Монгол Улс дэлхийн улс гүрнүүдийн стратегийн хамгийн үнэт түүхий эд болох ураны нөөц баялаг ихтэй байна гэдэг аз. Тэр тусмаа байгальд хамгийн аюулгүй технологиор олборлох боломжийг говийн хөрс бүрдүүлж байна гэдэг зол юм. Харин бид нэгдмэл байр суурьтай байж, хяналтаа тавьж, үр өгөөжийг нь хамгийн өндөр түвшинд хүртэх асуудалд л сэтгэлээ чилээх ёстой биз ээ.