АТГ дуулиант хэргүүдийн талаар мэдээлэл өглөө

АТГ-аас сар бүр хийж хэрэгжүүлсэн ажил болон мөрдөн шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл энэ уламжлалаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Хурлын эхэнд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгснийг тоймлон хүргэж байна.

Ч.Ганзоригийг "Жаст"-ын хэрэгт холбогдуулан хорьсон

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг яллагдагчаар татаж, улмаар саатуулан шалгаж эхэлжээ. АТГ-аас өнөөдөр прокурорт Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьж, шүүхээр шийдүүлэх юм байна. Мөн энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байгаа бөгөөд тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Галбадрах нарын таван хүнийг яллагдагчаар татжээ. Түүнчлэн  дээрх зээлийн гэрээнд Ч.Ганзориг, Г.Амарбат нар гарын үсэг зурсан байдаг аж. Энэ талаар албаныхны өгсөн мэдээллээр тус зээлийн гэрээтэй холбоотой барьцаа гэрээний эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг "Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас дамжуулснаар эрх шилжүүлэлт хүчин төгөлдөр болсон аж. Иймээс тухайн үед дарга байсан Ч.Ганзориг нарын хууль бус үйлдлүүдийг хуулийн байгууллагаас нягтлан шалгаж эхэлжээ.Түүнчлэн  “Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд олон жил шалгуулж, олон сар хоригдож байгаа бөгөөд хамсаатнуудад нь холбогдох хэргийг шалгаад дуусвал яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлнэ гэдгийг Э.Идэрцог дарга онцолсон. Түүнчлэн энэ хэргийг шалаж байх явцад "Стандарт" банкнаас авсан мөнгө хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхой болсон. Ийм учраас түүний хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн гаргаж, Монгол Улсын хэмжээнд байгаа хөрөнгийг бүртгэж, битүүмжилж, үнэлүүлэх ажиллагаа хараахан дуусаагүй байна. Гэхдээ маш цөөхөн аймгийн үнэлгээний асуудал тодорхой болбол мөрдөн шалгах ажиллагаа дуусна.  

ШШҮХ-гийн шинжээчид авлигын хэрэгт давхар холбогджээ  

Хэд хоногийн өмнөөс цагдаагийн удирдах албан тушаалтнуудыг АТГ-аас саатуулсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл цагдаагийн байгууллага дээр ШШҮХ-ийн шинжээчид худал дүгнэлт санаатай гаргасан хэргээр холбогдож шалгагдаж байсан аж. Улмаар энэ асуудал дээр авлига, хээл хахуулийн шинжтэй асуудал гарсан учраас цагдаа АТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлжээ. Улмаар энэ хэрэг дээр ШШҮХ-ийн зарим шинжээчдийг авлигын хэргээр яллагдагчаар татан цагдан хорьсон байна. Албаныхны өгсөн мэдээллээр авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан бөгөөд эх үүсвэрийг нь нарийвчлан шалгаж байгаа аж.  

Мөн Авлигын хэрэг дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч н.Алтан-Очир гэдэг хүнийг яллагдагчаар татан, цагдан хорьж байгаа нь үнэн бөгөөд энэ хүнтэй дээр дурдсан 1.3 сая ам.долларын асуудал холбоогүй гэдгийг онцолсон.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдоогүй 

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шалгуулах тухай хүсэлтээ байгаагаа мэдээлж байсан. Тэгвэл АТГ Ц.НЯмдорж сайдын 17 хөрөнгөтэй холбоотой асуудалд шалгалт явуулжээ. Ингэхдээ дурдагдсан хөрөнгө нэг бүрийг шалгасан ч сайд үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдоогүй байна.Иймээс хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн байна. 

Оюутолгойн гэрээний шинжилгээний дүгнэлт ирээгүй байна   

АТГ Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Ингэхдээ экс Ерөнхий сайдуудыг энэ хэрэгт холбогдогчоор татсан. Энэ тухай албаныхан "Олон улсын гэрээтэй холбоотой хэргийг аль болох шуурхай шалгаж байгаа. Оюутолгойн хэрэг асуудалд нэлээн олон төрлийн шинжилгээ хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар шинжилгээний дүгнэлт ирээгүй байна. Дүгнэлт гарна, бусад шалгалтын ажил хийнэ. Түүний дараа гэм буруутай эсэх асуудлыг прокурорт шилжүүлж, улмаар шүүх, прокурорын байгууллагаас эцэслэн шийдвэрлэнэ" гэсэн юм. 

Дуулиант 60 тэрбумын хэргийг сэргээжээ   

Түүнчлэн МАН-ын удирдлагуудын нэр холбогдоод буй 60 тэрбумын хэргийг пропуророос хаах шийдвэр гаргасан нь багагүй дуулиан тариад байсан. Тэгвэл дээрх хэргийг шалгах ажлын хэсэгт ороод байсан ТЕГ-ын "Үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай" гэсний дагуу дээд шатны прокурорын байгууллагаас хэргийг сэргээсэн байна. Энэ хэрэг дээр Тагнуулын байгууллагаас голлон ажиллаж, цагдаа, АТГ-аас өөрсдийн чиг үүргийн дагуу мөн шалгаж байгаа ажээ.