Монголын хүүхдийн ордны 65 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад тууштай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 11-39 дэх жилдээ ажиллаж буй 13 албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг гардуулсан юм.
Нийслэлийн зүгээс хүүхэд хамгаалал, хөгжилд анхаарч, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тул энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг бүх талаар дэмжин ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг шагнал гардуулах үеэр онцлов.
Монголын хүүхдийн ордон нь 1958 оны аравдугаар сарын 19-ний өдөр анх Пионер сурагчдын төв ордон нэртэйгээр үүсэн байгуулагдсан. Өдгөө 109 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь хүүхэд багачуудын соёл хүмүүжил, авьяас төлөвшлийг дэмжин, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааны хүртээмж, чанарыг дээшлүүлэх хүрээнд урлаг, уран бүтээл, гадаад хэл, шинжлэх ухаан гэсэн дөрвөн төрлийн 30 гаруй дугуйланд жил бүр 4000 гаруй хүүхдийг суралцуулж байна.Түүнчлэн 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн хүүхэд багачуудын дунд төрөл бүрийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд 10,000 гаруй хүүхэд хамрагджээ. Мөн нийслэл дэх алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг хөгжүүлэх, авьяасыг нээх, дэмжих зорилгоор салбар дугуйланг хотын захын гэр хорооллын бүсүүдэд нээн, хичээллүүлж байна.