Малчдад зориулсан хуулийн сургалт боллоо

“Баялаг Бүтээгч Монгол хүн” ТББ нь Хууль зүй, дотоод хэргийн яамны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн Малчдад зориулсан сургалт, сурталчилгааны төслийг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Хоёр сарын хугацаанд хэрэгжих уг төслийн хүрээнд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Малчдын бүлэг байгуулах дүрмийн талаар 100 гаруй малчдад хоёр удаагийн сургалт зохион байгуулсан ба олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр богино сурталчилгаанууд болон тусгай нэвтрүүлэг бэлтгэн цацсан юм. Мөн сургалтад хамрагдсан БЗД- ийн 11 дүгээр хороо Хонхор өртөө, Төв аймгийн Алтанбулаг сумын нэгдүгээр багийн иргэдийн санал сэтгэгдлээс үзэхэд малын хулгай нь урьдаас бэлтгэсэн зохион байгуулалттай, бүлэглэлийн шинжтэй болсон тул сум, орон нутгийн засаг захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагаас илүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар илэрхийлж байлаа.

Сургалтын явцад малчид хоорондоо нэгдэж, бүлэг болж ажиллахын ач холбогдлыг тайлбарлаж ойлгуулснаар ойр дотно, хамаатан садан, саахалт айлтайгаа нэгдэн бүлгийн зохион байгуулалтад орохоор ярилцаж байсан нь сургалтын гол үр дүн боллоо хэмээн зохион байгуулагчид мэдээлсэн юм.