УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.09.12/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлын шийдвэр дөнгөж саяхан гарсан бөгөөд түүнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаалаа гэжээ.