2016 онд 60 мянган иргэн БНСУ-руу явахаар виз мэдүүлж байжээ. Харин 2017 онд энэ тоо 130 мянга болж өссөн бол энэ оны долоон сарын байдлаар 88 мянган иргэн визний хүсэлт гаргасан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 130 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа ажээ. Иймээс эмч, өмгөөлөгч, сэтгүүлч болон их дээд сургуулийн багш нарт олон удаагийн виз олгохоор болсон тухай өчигдөр БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, монгол иргэдийн БНСУ-руу зорчих олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт түүнийг хэрэгжүүлэх тухай Улаанбаатар хот дахь БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Канмуг мэдээлэл хийсэн. Тэрбээр “БНСУ-руу зорчих визний журамд зөвхөн ЭСЯ дангаараа өөрчлөлт оруулдаггүй, БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр гаргадаг. Өнөөдрийн байдлаар мянга орчим солонгос иргэн Монголд зорчих олон удаагийн виз авсан бол 37 мянган монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз эзэмшдэг” гэлээ.
Хуучин журмаар олон удаагийн визийг олгохдоо долоон шалгуур хангасан тохиолдолд виз олгодог байсан бол энэ удаагийн шинэчлэлээр нэмж зургаан шалгуурыг тусгахаар болжээ. Өөрөөр хэлбэл, шинэ журамд нийт 13 шалгууртай болгожээ.
ОДОО МӨРДӨГДӨЖ БУЙ ЖУРАМ:
- БНСУ-д зорчиж байсан иргэн
- Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
- БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
- БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
- БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
- Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
- Байнгын зорчигч – БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн
ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРАМ:
- Одоо мөрдөгдөж дээрх долоон журам дээр нэмэгдэн
- Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
- Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
- Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл татвар төлөгч аж, ахуйн нэгжийн хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
- БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
- Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
- 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.
ХУГАЦААНЫ ТУХАЙД:
Одоо мөрдөж буй журмаар олон удаагийн виз авахад эхлээд нэг жилээр олгоод оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй, визний хугацаандаа хоёр ба түүнээс дээш удаа зорчсон тохиолдолд оршин суух хугацаа 90 хоног, визний хүчинтэй хугацаа хоёр жил, энэ хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй, байнгын зорчигдоод хамаарах иргэн оршин суух хугацаа 90 хоног, визний хүчинтэй хугацаа хоёр жилийн олон удаагийн виз олгодог байв. Харин шинэ журамд олон удаагийн визний нөхцөл хангаж буй иргэний гавьяа шагнал, ажилласан жил, эдийн засгийн чадавх мөн оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй зэргийг харгалзан үзэж шууд 3 болон 5 жилийн олон удаагийн визийг олгох боломжтой болсон ажээ. .