БНСУ-ын Цагаачлалын албанаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл нь тус улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд виз олгоно гэсэн хуурамч зар тарааж мөнгө завшиж байгаа гэмт хэрэгтнүүд олон болж байгаатай холбоотой аж. Мэдэгдэлд "БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн дунд албан ёсны визтэй болгох боломжтой хэмээн их хэмжээний мөнгө залилж авсан гэмт хэрэг удаа дараа бүртгэгдлээ. Өмнөд Солонгосын Засгийн газар нь хууль бусаар оршин сууж буй иргэдийг эх оронд нь албадан буцаахаар ажиллаж байгаа, харин тэдэнд ямар нэгэн байдлаар виз олгох эсвэл зөвшөөрөл өгөх зэрэг асуудал огт байхгүй" гэсэн байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын 42 мянга гаруй иргэн тус улсад ажиллаж, сурч байгаа гэсэн мэдээлэл бий бөгөөд тэднээс 10 гаруй мянга нь визний хугацаа нь хэтэрсэн, хараар ажилладаг гэсэн мэдээлэл бий юм.