Монголын төрд сүүлийн хэдэн жил нялх Сэнгүм хийгээд даргын цүнх баригчид хүчийг авав. Нэг хэсэг нь Монголын төрөөс авлагатай юм шиг аашилж, нөгөө хэсэг нь авч өгөх үүрэгтэй юм шиг увайгүйтэх тэдний онилсон албан тушаал хэзээ ямагт өөрсдөд нь ашигтай байдаг.
Товчхондоо ийм нөхөд аль нэг яамны газрын дарга, Төрийн нарийн эсвэл төрийн мэдэлд байдаг томоохон компанийн удирдах албан тушаалтан болж гэнэт дэвшдэг нь өдгөө “эвдэж” хаяхын аргагүй жаяг болчихоод буй юм. Харамсалтай энэ бүхнээс болж Монголын төр эзгүй юм шиг, төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллах ёстой юм шиг дүр зураг сүүлийн 20 гаруй жил Монголын төрийг сүүдрэлсээр байна. Энэ үйл явдлын хамгийн сүүлийн нотолгоо гэвэл төрийн өмчит “Мон-Атом” ХХК-нд үүсээд буй асуудал. Учир тус компанийн экс удирдлагуудыг яг одоо цагдаагийнхан шалгаж байна. Ингэхдээ тус компанийн өмнөх дарга нарыг хөрөнгө оруулагчид буюу чехүүдээс авсан гэх хоёр сая ам.долларын 60 хувийг яг яасан бэ гэдэг асуудлаар. Мөн үүнээс гадна өөр олон ноцтой асуудал бий бөгөөд тус компанийн санхүүгийн тайлан балансд гүйлгээ хийсэн баримт байхгүй. Маш их хэмжээний мөнгө хаашаа, юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй алга болсон гэдгийг онцолж байгаа юм. Түүнчлэн аудитын компаниуд гэхэд жилийн өмнө “Мон-Атом”-д шалгалт хийгээд дүгнэлт гаргахаас татгалзчихсан гэж буй. Ингэхдээ тус компанийн үйл ажиллагаанд ноцтой зүйл байна гэж үзсэн учраас. Товчхондоо бол энэ бүх санхүүгийн замбараагүй байдлын цаана эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан ажээ.
Иймээс Монголын төрөөр, Монголын төрийн өмчит компаниар даажигнасан гэж ойлгож болох экс удирдлагуудын талаар сурвалжлав. Харамсалтай нь, гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө Монголын төрийн өмчит компанийг ичгэвтэр байдалд оруулаад алга болсон эрхэм захирал асан Э.Галбадрал нь Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консулаар ажиллаж байжээ. Ингэхдээ түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж явуулж байсан аж.
Үнэндээ Э.Галбадрал гэж хэн бэ. Энэ эрхмийн хувьд Монголын төрд хийж гийгүүлсэн онцын ажил үгүй ч намынхаа дарга нарыг дагаж гүйдгээрээ алдартай. Улс төрийн хүрээнийхэн түүнийг УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы баруун суганд хавчуулагдаж явсан хэмээн ярьдаг. Иймдээ ч АН-ыг засаг барьж байх, даргыгаа УИХ-ын гишүүн сайд байхад “Мон-Атом” төрийн өмчит компанийн дарга болон гэнэт дэвшсэн. Харамсалтай нь, төрийн ажил хийж мэдэхгүй, төрийн өндөр албыг дарга дагаж гүйсний шагнал гээд ойлгочихсон залуу төрийн өмчит компанийн хувь заяагаар тоглочихоод одоо энэ бодолдоо лав итгэчихсэн гаднын улсад эх ороноо төлөөлөн сууж байсан гэх. Мөн ийм намтартай хүнийг хариуцлагатай албан тушаалд дэмжин явуулсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яг ямар шалгуураар, яагаад явуулж байсан нь тодорхойгүй. Нөгөө талаар Монголын төрийг гаднын хөрөнгө оруулагчдын өмнө ичгэвтэр байдалд оруулж, “Мон-Атом” гэх компанийн нэр хүндийг олон улсад унагаачихаад байгаа энэ эрхэм гадаадад суугаа нутаг нэгтнээ өмгөөлж бас эх орноо төлөөлөн сууж чадаж байсан эсэх нь эргэлзээтэй. Юутай ч биднийг өнөөдөр ийн муур хулгана болж байх хооронд ураны салбарт хөрөнгө оруулдаг гадны хөрөнгө оруулагчид “Мон-Атом” ХХК-иар тохуу хийгээд л байж байна. Учир нь Монголын төр бидний хэлсэн үгний минь эсрэг үг дуугархгүй, тийм эрхгүй гэсэн шиг энэ салбарт хөрөнгө оруулагчид сүүлийн хэдэн жил “даам гарсаар” ирснийг сүүлийн хэдэн жил өрнөсөн олон үйл явдал бидэнд хангалттай нотлон харуулсан.
Уг нь Монголын төрд дархлаа гэж бий. Монголын төрийн албанд шалгуур гэж бий. Гэвч өнөөдөр дарга нарынхаа цүнхийг бариад гүйж байсан хэн ч биш нөхөр төрийн өмчит компаниар, хууль цагдаагийнхнаар, цаашлаад Монголын төрөөр тоглочихоод өөрийгөө Монголын төрийг бүрэн төлөөлөх эрхтэй консул гээд явж байж. Ингэхэд Монгол төрийн дархлаа яг хаана байна вэ.