“Мон Атом”-ын экс удирдлагуудыг шалгаж эхэлжээ

“Мон-Атом” ХХК гэх төрийн өмчит компани Монголд бий. Товчхондоо бол Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Энэ компанийг байгуулсны дараахан буюу тухайн ондоо багтаан манай гишүүд Цөмийн Энергийн тухай хуулийг баталсан. Мөн Цөмийн энергийн хуулийг дагаж Цөмийн энергийн газар гэх Засгийн газрын тохируулагч агентлагийг байгуулсан гээд намтар юуг нь сөхвөл саяхных. Харин үүнээс хойш болсон үйл явдлыг сөхвөл Цөмийн энергийн газрыг татан буулгаснаар “Мон Атом” ХХК байгуулагдаад арван жил болж буй “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд 100 хувь шилжсэн.  Гэхдээ Монголын төр хийгээд ард түмэнд ач тустай ямар ажил хийсэн нь олон нийтэд нээлттэй бус.  

Тэгвэл олон нийтэд хаалттай байсан энэ байгууллагын санхүүд ноцтой асуудал цөөнгүй байсан бололтой. Иймдээ тус компанийн өмнөх удирдлагуудыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Чухам ямар үндэслэлээр шалгаж эхэлснийг тодруулахад мөнгөний асуудалтай холбон тайлбарласан. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус компанийн экс удирдлагууд чехүүдээс хөрөнгө оруулалт хэмээн 2013 онд хоёр сая ам.доллар авчээ. Гэвч өдгөө энэ мөнгөний 60 хувь нь “сураггүй алга болгосон” аж. Тэр ч бүү хэл тус компанийн санхүүгийн тайлан баланс, гүйлгээ хийсэн баримт байхгүй. Маш их хэмжээний мөнгө хаашаа, юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй алга болсон гээд ноцтой зөрчил олон илэрсэн аж. Гэхдээ энэ тухай ганц хуулийн байгууллагынхан бус өмнө нь Үндэсний аудитын газрынхан мэдээлж байсан. Ингэхдээ “Аудит хамгийн ноцтой зүйл дээр дүгнэлт гаргахаас татгалздаг. Үнэхээр цаана нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна гэж үзвэл шүү дээ. Гэтэл “Мон Атом”-д дүгнэлт гаргах ямар ч боломжгүй байсан. Иймээс дүгнэлт гаргахаас татгалзсан” гэж байсан юм. Иймээс тус компанид ямар асуудал үүсээд байсан талаар Үндэсний аудитын газраас гаргаж байсан дүгнэлтийг тоймлон хүргэж байна. Үүнд

  • -Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн 96.3 сая төгрөгийн авлага, “Мон Зим интернэшнл” ХХК-д төлөх 109000 ам.доллар буюу 216.1 сая төгрөгийн өр төлбөрийг тушаал шийдвэргүйгээр данснаас хассан нь санхүүгийн тайлангийн үнэн зөв байх, иж бүрэн байх, эрх, үүрэг, тохиолдсон байх батламж мэдэгдлийг хангахгүй байгаа нь,
  • -2015 онд зээлийн гэрээний дагуу “Ураниум индастри” ХК-аас валютаар авсан 150000 ам.доллар, бэлэн бусаар тооцсон 51000 ам.доллар, нийт 251 мянган ам.долларын зээлийн хүрээнд хүлээх үүрэг, хариуцлагыг толилуулж тодруулаагүй,
  • -“Мон-Чех ураниум” хамтарсан компанид зээлийн эх үүсвэрээр оруулсан 51000 ам.долларыг хөрөнгө оруулалтаар бүртгээгүй,
  • -Санхүүгийн байдлын тайланд илэрхийлсэн “Төв Азийн уран” ХХК оруулсан 755.928.1 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн байдлын тайланд бүртгэж оруулаагүй, “Мон-Чех ураниум” ХХК-д оруулсан байвал зохих 51000 ам.доллар буюу 126.966.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт нь үнэн зөв толилуулагдсан эсэх, хамтран хянадаг дээрх компанийн хөрөнгөөс тус компанийн эзэмших хувь хэмжээ бодитой эсэхийг нотлох хангалттай бөгөөд зохистой нотолгоо олдоогүй, өмнөх аудитаар энэхүү асуудал илэрч, аудиторын дүгнэлтийн хязгаарлалтын нөхцөл болсон бөгөөд бидний өгсөн зөвлөмжийн дагуу тус компанийн удирдлагаас хөрөнгө оруулалтыг баталгаажуулах талаар хариу арга хэмжээ авалгүй өнөөг хүрсэн...” гэхмэтчилэн Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7, холбогдох үнэлгээ, зааврыг зөрчиж, санхүүгийн тайлангийн шаардлагуудыг хангахгүй, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна гэжээ.

Эцэст нь, тус компанийн гүйцэтгэх захирлаар өмнө нь Э.Галбадрал гэх эрхэм ажиллаж байсан бөгөөд түүнийг АН-ын нөлөө бүхий лидерүүдтэй ойр дотно гэсэн яриа улс төрийн хүрээнд байдаг юм.