“Жакарта, Палембанг-2018” Азийн 18 дугаар наадмын хөтөлбөрт анх удаагаа багтсан Самбо бөхийн төрлийн тэмцээн Жакарта хотын "JCC-Plenary Hall" ордонд эрэгтэй, эмэгтэй нийт дөрвөн жинд болж өндөрлөлөө.
Өчигдөр Азийн наадмын эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд Хан-Уул дүүргийн БТСГ, “Женко” клубийн тамирчин, жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэг түрүүлж, жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Баасансүрэнгийн Ойдовчимэд үзүүрлэсэн.
Г.Наранцэцэг эхний тойрогтоо Индонезийн Анггун Нуражижаныг, хоёрдугаар тойрогтоо 2017,2018 оны Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Казахстаны Айжан Жулкибаеваг тус бүр өчих мэхээр цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд Узбекистаны Мадина Тургунбаеваг мөн л өчих мэхээр ялснаар энэ жингийн финалд шалгарсан юм.
Харин Б.Ойдовчимэд 2015 оны Азийн аварга Казахстаны Назгул Елмуратоваг 5:0 ээр ялж гараагаа амжилттай эхэлсэн бөгөөд шөвгийн наймд Узбекстаны Нодира Гулова сүүлийн бүхэл оноогоороо буулгаж авснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар эзэн орны Мариа Инсийг цэвэр ялснаар Азийн наадмын аваргын төлөө Монголын хоёр бөх хүч үзэхээр болсон юм. Энэ удаад энэ оны Азийн аварга Г.Наранцэцэг жингийнхээ дүүг оноогоор ялснаар Азийн наадамд түрүүлсэн анхны самбоч боллоо.
Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -52 кг-ын жинд энэ оны Азийн аваргын хүрэл медальт Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн самбо, жүдо бөхийн багш Шаалуугийн Эрдэнэбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний барилдаанаа Кыргызстаны Азамат Аскеевтай хийж оноогоор ялсан бол хоёрдугаар тойрогтоо Сирийн бөх Мунир Гуснийг оноогоор ялж, шөвгийн дөрөвт шалгарчээ. Улмаар Ш.Эрдэнэбаатар, Казахстаны Беймбет Канжановыг 8:0 харьцаатай оноогоор ялснаар жингийн финалд шалгарлаа. Гэвч манай бөх энэ оны Азийн аварга Казахстаны Баглан Ибрагимд өчих мэхээр ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон. Тус жингийн шагнал гардуулах арга хэмжээнд Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл оролцсон байна.
Харин Азийн наадмын самбо бөхийн тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ Цог-Очирын Батцэцэг хүрэл медаль хүртлээ. Жингийнхээ чансааг тэргүүлж буй тэрбээр Казахстаны Динара Кударовад 3:1-ээр ялагдсан ч дагах барилдаанд Кыргызстаны Айжан Кадырбековаг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрх олж авчээ. Улмаар медалийн төлөө нутаг нэгт дүү ОУХМ М.Даваасүрэнг ялснаар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ. Түүнтэй энэ жинд хүч үзсэн “Боржин төв” дэвжээний тамирчин ОУХМ М.Даваасүрэн эзэн орны Сакинах Сакинах, Узбекистаны Гулмира Исматова нарыг дараалан ялж, хагас шигшээд шалгараад Казахстаны Дилдаш Куришбаевад 3:1-ээр ялагджээ. Ингэснээр самбо бөхийн тамирчид багаараа 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар Азийн наадамд амжилттай оролцлоо.