Сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн. Түүнийг шүүхээс Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаад байгаа юм. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр үргэлжилсэн шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан хэд хэдэн хүн ирж гэрчийн мэдүүлэг өгчээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго, “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Шүүх хурал одоо үргэлжилж байна.