О.Мөнхжинг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолоо

“Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт буруутгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан О.Мөнхжингийн өмгөөлөгч нараас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагч О.Мөнхжингийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх бодитой нөхцөл шалтгаан тогтоогдсонгүй гэж үзэж, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, яллагдагч О.Мөнхжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР