Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ” үргэлжилж байна. Өчигдөр л гэхэд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн бүсэд орц, гарц гаргаж, зөрчил арилгах ажлын явцтай газар дээр нь очиж танилцжээ.
Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зусланд байрлах “Сонгоулд” ХХК төмөр хашааг буулгаж баталгаат кадастрыг зургийн дагуу хашааг 200 метр татуулсан байна. Ингэснээр тухай хэсгээр ганцхан машин явж, түгжрэл ихээр үүсдэг байсныг хоёр машин зорчих боломжтой гудамж гаргажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 1 зусланд айлуудын хашааг татаж, орц гарц гаргаснаар тухайн хэсгийн 12 айл өөрсдийн зусландаа чөлөөтэй нэвтрэх боломжтой болсон байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зуслан зөвшөөрөлгүй 4 метртэй төмөр хашааг буулгаж, газрыг чөлөөлжсөн бол Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зусланд бусдын орц гарцыг хааж хашаа барьсан байсныг буулгаж, зөрчлийг арилгаснаар тухай байршилд байрлах 10 гаруй айлын орц гарцыг нээсэн байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн хэсэгт байрлах айлуудын хашааг татуулж, орц гарц гаргасан гээд зуслангийн ногоон бүсэд газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг дүүргүүдийн Газрын албанаас зохион байгуулан ажиллаж байна.
Энэ жилийн хувьд Зуслангийн бүсийн газар чөлөөлөлтийн ажил эхэлснээс хойш 40 гаруй байршилд орц, гарцыг нээсэн бөгөөд зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгаж, орц, гарц гаргаснаас тухайн хэсэгт амьдарч буй айл өрхүүд хэд хэдэн хашаа дамжин давж, гэр лүүгээ явдаг, үүнээс үүдсэн үл ойлголцол үүсдэг гэх мэт бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж ажиллажээ.
Нийслэл, дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимтэй хийж байгаа бөгөөд холбогдох ажлын хэсэг явцын хяналтыг тухай бүрт нь явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа аж.