АЗИЙН ЗУНЫ СПОРТЫН НААДМЫН ХУВЦСЫГ МҮОХ ХАРИУЦСАН ГЭНЭ

Яг энэ өдрүүдэд “Жакарта-2018” Азийн зуны спортын 18 дугаар наадам болж байна. Спортын томоохон тэмцээн уралдаан гэдэг утгаараа манай дарга нар нэлээдгүй ач холбогдол өгч, зөвхөн тамирчид гэхэд 280, албаны хүмүүстэйгээ нийлбэл 300 хол давсан хүнтэй баг Жакартаг зорьж байгаа юм. Гэтэл тамирчдын хувцас дахиад л анхаарал татаж эхлэв. Хэдийгээр Хятадын 361 брэндийнх ч азийн наадамд оролцох манай тамирчдад томдоод хэлхийчихэж. Бүр нэг ч биш нэлээд хэдэн ийм тохиолдол гарч. Тэр цүнх энэ тэр бол арай л биш. Мөнгөтэйхэн айлын хүүхэд бол тоож ч харамгүй, логотой хар уут.  

Уг нь манай холбогдох газрууд энэ асуудалд өмнөх туршлагаасаа үүдэн анхаарал хандуулах ёстой. Тэгээд ч тэмцээн уралдаанд орох тамирчдаасаа хэмжээ дамжаа авах нь хэн нэгнээр хэлүүлээд байхаар айхавтар хүнд ажил ч биш. Үүнд энэ ажлыг хариуцсан эрхмүүдийн ажлын хариуцлага, чинь сэтгэл байхад л хангалттай байсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ удаагийн Азийн зуны спортын наадмын хувцсыг Монголын Үндэсний олимпийн хороо хариуцсан гэсэн мэдээлэл бий. Гэтэл тус хорооныхон яагаад ийм хариуцлагагүй хандав. Тэгээд ч энэхүү олон улсын тэмцээн уралдаан өнөөдөр товлогдоод маргааш нь болчихдог зүйл биш. Хэдэн жилийн өмнөөс төлөвлөгдөөд тэрхүү хуваарийн дагуу зохион байгуулагддаг тэмцээн. Энэ ч утгаараа МҮОХ-ныхон энэ асуудалд эртнээс анхаарал хандуулж, салбар хариуцсан яам, газрынхантайгаа нягт холбоотой ажиллаж болох байлаа. Бид ийм өнгө загвараар ингэж хийлгэж болох юм байна хэмээн санал солилцсон бол ийм асуудал болохгүй байв. Гэтэл улсын нууц аятай хав дарсаар эцэс сүүлдээ хэдэн тамирчин маань маргааш нээлт нь болох олон улсын тэмцээнд навсайж томдсон өнгө муутай хувцастайгаа дахиад л жагсах болж таарав. Нөгөө талаар БНХАУ-ын 361 улсдаа спортын хувцасны гайгүй брэндийн тоонд ордог. Мөн бүтээгдэхүүнээ дэлхий даяар сурталчилгаа хийхийн тулд манайх шиг ядуу буурай орны тамирчдын хувцсыг үнэгүй өгдөг тохиолдол бий. Иймээс манай талаас жаахаан л сэтгэл гаргаад тэмцээн уралдаанд оролцох тамирчдынхаа биеийн хэмжээг зөв өгөөд, өнгө донжийг нь яриад захиалчихсан бол өнөөдөр ийм юм болохгүй байлаа. Харамсалтай нь, сэтгэлгүй, итгэлгүй  дээр нь амбиц хөөсөн хэдэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж аргаа барсан тамирчид маань томдсон хувцсаа хэлхийлгээд өмсчихсөн “Дараа жил яг таарах юм байна оо” гээд хошигнож байх жишээтэй.

Үнэндээ энэ бол Монгол төрийн эмгэнэл. Бас бидний инээгээд, ханиагаад, хошигнол болгоод өнгөрөх асуудал бүр ч биш. Жинхэнэ харицлагын тухай асуудлыг хөндөх ёстой.   Салбар хариуцсан яамныхан энэ асуудалд анхаарал хандуулж, БТСГ-ын удирдлагууд  болон энэ асуудлыг хариуцсан албан тушаалтнуудад шууд хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад гэвэл олон улсад ширээ тойрон бие биенээ матан суудаг дарга нарын ажлын хариуцлага бус харин Монгол Улсын маань нэр шууд гарч буй гэдэг утгаараа энэ асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй. Бас ийм түүхийг дахин давтагдуулахгүйн тулд...Хэрэв уншигчид санаж буй бол ийм гашуун түүх өмнө нь гарч л байлаа. Хамгийн ойрын жишээ гэхэд Риогийн олимпод орохоор явсан манай тамирчдын чемдон замын ая даалгүй эвдэрч, зарим нь эд зүйлээ хаяж үргэдүүлсэн тохиолдол гарч байв. Аргаа ядсан зарим нь гарт таарсан уут савандаа хэдэн хувцсаа хийчихсэн газардаж байсан. Тухайн үед олон нийт “Бидний муулаад байдаг Эрээний бараа ч ийм биш шүү” хэмээн эгдүүцсэн. Харин энэ бүхний хариуд манай дарга нар эл асуудлыг хариуцаж байсан гэх албан тушаалтныг ажлаас халснаар асуудал намжсан. Гэвч яг үнэндээ тухайн үед сонгуулийн цикл таарч нөгөө хариуцлага тооцуулсан гэх нөхөр нь ажлаа өгөх нь, ялсан намын нөхөр дарга болох нь тодорхой болчихсон байсан учраас “Тэр асуудлыг тэгж шийдсэн” гээд цээжээ дэлдээд байх явдал байхгүй. Мөн энэ өвөл болсон өвлийн олимпод ч ялгаагүй. Арай ч дээ гэмээр хувцсаар Монголынхоо баг тамирчдыг бас л хуурсан. Ямартай л наргианч зарим нь “Их л үнэтэй хувцас юм гэсэн. Гэтэл манай хэд мишок өмсчихсөн байна” хэмээхэд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц “Тамирчдын хувцасыг ямар ч өнгөөр хийлгэсэн шүүмжилдэг” гээд л сууж байх жишээтэй.

Өнөөдөр Монголын төрд ажиллаж байгаа хүмүүсийн сэтглийн хэмжүүр нь ийм л байна. Арай ч дээ гэмээр хариуцлагагүй байна. Халагламаар байна. Удахгүй 2020 онд олимп болно. Тэр үед манай эрхэм дарга нар, МҮОХ-ныхон хэдэн тамирчиддаа бас ард түмэндээ ямар гэнэтийн бэлэг барихыг бид таашгүй ээ. Иймээс Монголын төр энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол сонгуульд ялсан намын баярын дүйвээнээр гарч ирдэг заримдгууд Монголын нэр хүндийг шалны алчуур болгох нь.

Л.Оюунгэрэл