УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Шүүх хурал 10:00 цагаас эхлэх бөгөөд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцох юм байна.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын тухайг өөрийгөө буруугүй хэмээн өнгөрсөн зургаадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм. Прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Энэ зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.