ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХУЛГАЙЧ ВЭ

Манай төрийн гурван өндөрлөгийг зэрэгцээд сууж байхад нь гадны нэг нөхөр “Гурван монгол хүн тутмын нэг нь хулгайч гэсэн” хэмээхэд мань томчууд бие биенээ ихэд сэрдэн харсан тухай онигоо байдаг л даа.  Тэгвэл энэ онигоо амьдрал дээр биеллээ олсон бололтой. Учир нь, сайд дарга, эрх мэдэлтэн биш л бол баргийн хүн нэвтрээд байдаггүй, дээдчүүдийн залардаг “Их тэнгэр цогцолбор” төрийн тусгай хамгаалалттай газраас 20 гаруй уран зураг ор сураггүй алга болжээ.

Уг нь энэ тухай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө цахим ертөнцөд цацагдаж, төрөө хүндэлдэг зарим нь “Арай ч үгүй байх аа” хэмээн олныхоо сэтгэлийг тайвшруулж ядан байсан юм. Гэтэл албаны хүний амнаас “Энэ бол үнэн баттай мэдээлэл. Гэхдээ одоогоор хэн гэдэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга амьдарч байх үед алга болсон нь тодорхойгүй. Саяхан ажлын хэсэг гарсан. Одоо шалгаж л байна” гэсэн үгийг хэлэв. Ингэснээр гадны хүний өгүүлсэн дээрх онигоо онигоо биш болж, энэ мэт болсон явдлаас сэдэвлэсэн, эсвэл сэдэв биеллээ олсон болж таарлаа.  

Үнэндээ бол “Их тэнгэр цогцолбор” төрийн тусгай хамгаалалтад байдаг, хамаагүй хүн орж гарч болохгүй гээд хатуу дэг журамтай. Бас Ерөнхийлөгч хийгээд УИХ-ын сонгуулийн цикл тутамд амьдрах эзэд нь солигдож байдаг ер нь бол тансаг зэрэглэлийн “буурчийн газар”. Мөн Богд Хан уулын ард Хатантуул голын хөвөөнд, Их Тэнгэрийн ам хэмээх байгалийн үзэсгэлэнт ногоон бүсийн 120 гаруй га талбайд төрийн харш, зочид буудал, тусгай зориулалтын байрууд бүхий олон объектуудад төр, засгийн нийтлэг үйлчилгээг эрхлэн явуулдаг гэдэг утгаараа дээд зэрэглэлийн тансаг нь. 1951 оноос өнөөг хүртэл Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт болон манай улсад айлчилж буй гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд зочид буудал, зоогоор үйлчилж ирсэн гээд арвин гэрэлтэй, гэгээтэй  түүхтэй. Гэтэл төрийн ийм хамгаалалтад байдаг газраас, сонгуулийн жилээр аз нь гүйсэн, хэн нь тодорхойгүй нэг "бадарчин" Монгол төрийн алтан сан хөмрөгт багтдаг 20 гаруй уран зургийг хээв нэг зувчуулсан болж таарлаа.  

Албаны хүний өгүүлснээр салбар хариуцсан яам хийгээд мэргэжлийн байгууллагууд хамтран энэ асуудлыг хянах шалгах ажлын хэсэг гаргасан юм байна. Гэхдээ тэдний энэ хяналт шалгалт аль засгийн үед төр барьж байсан, хэн гэдэг эрхмийн гарын үзүүрээс атгаад зогсохыг мэдэхгүй юм. Яагаад гэвэл өнөөдөр Монголд хууль шүүх бус эрх мэдэл, мөнгө төгрөг бүгдийг шийддэг болсон.  Нөгөө талаар асуудал нэгэнт ийм дээрээ тулсан учраас төрийн хар хүмүүс энэ асуудлыг анхааралдаа авч төрийн алтан сан хөмрөгт данс тооцоотой байдаг нэн ховор эд өлгийн зүйлийг дахин тоолох, үнэлгээ хийх зэргээр шинэчлэн архивлахгүй бол мөнгөнд шунасан бадарчингууд өчнөөн саяаар үнэлэгдэх үнэт үзмэрүүдийг хямдхан үнэ хэлээд зувчуулах гэсэн ордлого гарч байсан юм билээ шүү.