“Нүүдэлчин-Монгол 2018” их наадам арга хэмжээг ирэх наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар болжээ. Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулдаг энэ арга хэмжээг 13 удаагаа амжилттай зохион байгуулж буй бөгөөд энэ жил “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам”- ууд нэгэн зэрэг болохоороо онцлог аж. Түүнчлэн энэ удаагийн “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенци”-ийн зарчмыг баримталж таван ай савын хүрээнд зохион байгуулах тухай зохион байгуулагчид нь мэдээлж байна. Үүнд:
1. Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд;
2. Гар урлал;
3. Язгуур урлаг;
4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан;
5. Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулах юм.
“Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт энэ сарын 05-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэл хотноо, хоёрдугаар шатны шалгаруулалт наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоо худаг”-т зохион байгуулагдана.
Дашрамд мэдээлэхэд “Нүүдэлчин-Монгол 2018”-т аймаг, нийслэлээс шалгарсан билиг авьяастнууд ард түмэндээ уламжлалт соёлын 26 төрөл, 100 гаруй зүйлийн өвийг сонирхуулж, нутаг нутагт өвлөн уламжлагдсан язгуур өвийн нандин тоглолтуудыг толилуулна. Мөн их наадмын талбай “Хүй долоо худаг”-т аймаг тус бүрийн “брэнд” бүтээл, бүтээгдэхүүн худалдаалагдахаас гадна Монгол түмний уламжлалт морьт сурын харваа, шатар, шагайн харваа, морин поло, их талын хүчтэн зэрэг тэмцээнийг олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулах аж.