УУЛСЫН ОРГИЛ БА ТӨВЛӨРӨХ ЦЭГ

Х.Эрдэнэцэцэг

(“Оройн дээд” романы жимээр)

Жил орчим хугацааны дараа эх орондоо ирэхэд салхи нь сэвэлзэн угтаж, элгэндээ тэврэх мэт зөөлөн намуухан байлаа. Онгоцноос буугаад хот руу орох замдаа удаан санасан сэтгэлээ дэвтээхээр цэлмэг хөх тэнгэр, өргөн уудам нутгаа машины цонхоор харан явахад нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх уул толгод, өвс ногоо, навч цэцэгс... бүгд намайг: “Тавтай морил!” хэмээн урих шиг. Харь орны нүргээнт хотын дүлийрэм их шуугиан, завсаргүй түлхэлцэн хөлхөх атлаа үргэлжид болгоомжтой хүмүүсийн биеэ болон үг хэлээ хянасан, цэнэсэн, шуудхан хэлэхэд маш түвэгтэй харилцаанаас ядарч залхсан надад эх монгол хэлний минь чихнээ дасал аялгуут хэмнэл хаа сайгүй сонсогдох элгэмсүү орчин, сэтгэлд үргэлж хадаастай явдаг төрөлх эх орон минь юугаар ч сольшгүй тийм их амар амгаланг мэдрүүлдэг билээ.

Гэлээ ч гэсэн хотын амьдрал хаана ч ялгаагүй. Нүргээнтэй. Шуугиантай. Түлхэлцсэн. Хөлхөлдсөн. Тиймээс л би хэдий эх орныхоо нийслэл хотод жил бүр ирж, хэсэг хугацаанд саатах боловч өөрийн эрж хайдаг, нууцхан хүсэмжилдэг тэр эрх чөлөө, тэр дотоод амгалангаа олж чаддаггүй хэвээр. Аяс жамаараа байх тийм нэг орон зайг нууцхан хүсэмжилдэг хэвээр. Надаас өөр хэн ч байхгүй хаа нэгтээх нам гүмд цор ганцаар бясалган суумаар санагддаг хэвээр.

Дашрамд хэлэхэд, эх орондоо ирэхдээ би цээжин гүндээ нэгэн нууцхан бодол тээсээр ирсэн юм. Тэр нь яруу найрагч, зохиолч М.Уянсүх ахын “Оройн дээд” романтай холбоотой. Түүний “Оройн дээд” роман надад “Аварга мод”-ыг уншсантай адил гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Тиймээс номоо уншиж дууссан тэр мөчөөс эхлэн зохиолд гардаг зүүд мөрөөдлийн мэт цэнхэр хязгаар нутгаар аялж үзэхийн хүсэл төрсөн билээ. Тэр хүсэл минь намайг жил тойрон хоргоож, номоо дахин дахин нээж унших бүрийд улам бүр лавширсаар эх орондоо ирэх тэрхэн агшинд би нийслэл хотоос 1500 км алсад орших Баруун хязгаарын үлэмж цэнхэр уулсыг зорихоор эргэлтгүй шийдэн, сэтгэл шулуудсан байв. Тийн шулуудахад М.Уянсүх ахаас “Оройн дээд” романы баатрууд одоо ч Мухар Улиастайн амандаа байгааг сонссон минь нөлөөлсөн байх гэж бодно.

Тийнхүү би 8-р сарын эхээр М.Уянсүх ахын “Оройн дээд” романы жимээр аялав. Романд гардагчлан тэнгэр мөрлөн ханхайх Хархираагийн их уулс, Мухар Улиастайн амандаа төвхнөн буй “Хархираа амралт”-ыг өөрийн нүдээр үзэж, зүрх сэтгэлээрээ мэдрэв. Романы зарим баатруудтай нүүр тулан уулзаж, яриа хөөрөө ч өрнүүлэв. Тэр бүхнээс романы нэг гол баатар 85 настай Б.Сайнбилэг өвөө, түүний насны хань 86 настай Д.Долгор эмээ хоёртой уулзсан минь яг л үлгэрийн гэмээр байлаа. Эгэл эгэл гэхэд дэндүү эгэл орчин, чихнээ танил бус атлаа сэтгэлд нэг л дотно санагдах ойрад аялгуут яриа хөөрөө, Баруун Монголын аагтай шаргал цай, арвайн гурил, айргийн тос... гээд юм бүхэн надад цоо шинэ байв. Зорьж очно гэхээс нойр хулжин догдолж, яаран яарсаар ирсэн энэ хязгаар нутаг миний төсөөлж байсанчлан үнэхээр ер бусын ертөнц ажээ. Очсон тэр үдшээ би Увс аймгийн төв Улаангом хотноо шинийн наймны саран тэнгэрт эрдэнийн шигтгээ мэт үзэгдэхийг дотогшоо анирдан чагнаж, дэргэд шахам дүнхийх Хархираагийн уулсыг удаан ширтлээ. Сүр бараа нь алсаас ч сүрдэм ханхайна.

Маргааш өглөө нь Хүннүгийн үеийн ховор нандин булш олдсон гэгдэх улаан чулуут Чандмань уулын алсыг хардаг цэг дээрээс аймгийн төвийг дөрвөн зүг, найман зовхист нь тольдоод, уулын бэлд хүлээн зогсох мэт “Дөрвөд ээж” хөшөөний сүүн цацлага доор нэг мөргөж, рашаанаас нь хүртэж ундаалаад, хүслэнт хөх уулсаа зорив. Алсаас өгсүүр бэлээр тайвуу мацсаар хүрсэн Хархираагийн уулсын нэгэн дагшин энхжин Мухар Улиастайн аманд хэд хонохдоо би “Айшхи”, “Аниргүй там”-аас эхлээд М.Уянсүх ахын бараг бүх зохиолуудад гардаг үзэсгэлэнт нуга хөндий, хэц нугачаа, ян өндөр, ой шугуйгаар чадлаараа л бэдэн явж, уулын цэнгэг голын тунгалаг харгиаг чагнаж, рашаан уснаас нь хүртэж, тэр бүгдийг сэтгэлдээ хэзээ ч мартахгүйгээр шингээж авахыг хичээж байлаа.

Мухар Улиастайн аманд намайг хар бага наснаасаа уулстайгаа ижилдэж, одоо ч ууландаа амьдран суугаа А.Гансүх (“Оройн дээд” романы Батхүү) халуун дулаанаар угтан тосч, гэргий Цэцгээ нь хамаг сэтгэлээ тавин халамжлав. Уулсын тэр дагшин аманд сүлжин тогтсон гэмээр сүрлэг их уулсын асга байц, хэц янгууд, ой мод, түмэн зүйл цэцэгс, хархиран шаагин урсах уулын голын чимээ, элин халин нисэх элээ шувууд бүгд нэгэн их зохицол үүсгэх агаад тэр бүхэн нь дэндүү үзэсгэлэнтэй. Түүний хамтаар аль хагас зуун жилийн өмнөөс байсан, одоо ч байгаа “Хархираа” амралтын газар, эзэнгүй хоосон болсон, зарим нь цонх, хаалга үгүй, зарим нь бүр эртний балгасын хуучин туурь гэмээр, бүгд цаг хугацааны уртад элэгдэж хуучирсан хэдий ч тэртээх он цагийн хэлхээсийг хөвөрдөн авчрах мэт хүүхдийн зуслангийн хуучин байшингууд надад хэзээний танил ч юм шиг. Тэд бүгд он жилүүдийн уйт дурсамжуудаа чимээгүйн хэлээр хүүрнэх мэт аг чиг дүнсийлдэн, яг л байр байрандаа нар, сарны ээлжлэх орчилд нэг бүдгэрэн, тэгснээ улам бүр тодрох ч шиг…

А.Гансүхийн хэлж буйгаар бол Мухар Улиастайн ам 7-р сард гантай байжээ. Өвс гандан шарлаж, гишгэхэд шажигнан хугарч байсан гэнэ. Гэтэл намайг очих үеэр ган тайлж, өвс ногоо хэнзэлсэн байхыг хараад зорьж ирсэн дагшин уулс минь намайг угтахаар зэхэж, гангаа тайлсан мэт санагдахад ихэд бэлгэшээхийн сацуу зүрхэнд уярал төрөв. Түүнтэй зэрэгцээд энэ л сүрлэг уулсынхаа дунд хөл тэнцэн бойжиж, рашаан шимт усаар нь ундаалж, голын цүнхээлд булхаж, ойн жимсийг цадталаа амталж, уулын оройн хад асган дээр гарч зогсоод хамаг чадлаараа уулс уулсын оройг дамжуулан цуурай хадаан хашгирч, хангинатал дуулж, үеийн багачуултайгаа тоглон наадаж өссөн М.Уянсүх ахын сэтгэлийн дуулал түүний бүтээлүүдэд тод томруун байр сууриа бат эзэлсэн шиг утга уянгын аяс бүхэн нь яг эндээс эхэлсэн гээд бодохоор уул, толгод, мод бут, хад чулуу бүхэн нь нэг нэг дурсамж, нэг нэг өгүүллэг болон цаг хугацааны эргүүлэг дундаас амилан тодрох шиг санагдана.

Амралтын газраас дээш өгсөн алхахад түүний сүү зөөж айлуудад хүргэдэг байсан жим, тэр жим дагууд “Аварга мод” романы өмнөтгөлд өгүүлдэг Тахир харгай байх аж. Яагаав, нөгөө долоон хадаас зоодог тэр мод. Би тэр модны дэргэд зогсон зургаа авахуулав. М.Уянсүх ахын балчир ахуйн тэр мод яг хэвээрээ. Харин М.Уянсүх ах л өөрөө сүү зөөдөг жаахан хүү биш, олон түмэндээ танигдсан нэртэй зохиолч, бас амьдралын түмэн нугачааг туулсан хижээл эр хүн болжээ. Гэтэл түүний сүү зөөдөг асан зам яг хэвээрээ дурайж байх юм. Тийн бодох агшиндаа би буцалтгүй эргэх цаг хугацааг ухраан, тэр л халуун дулаан амьдрал, хайр оргилж байсан цаг үеүдэд очсон мэт сэтгэл гэгэлзэн донсолж, тийм гэхийн аргагүй уйтгар гунигт автав.

Мөнх цаст уулын оройгоос эх авч урсах хоёр том гол хоёр уулын салаагаар урссаар нэгдэн нийлээд, бэл рүүгээ шаагин шуугин урсахдаа нартай халуун өдөр ч цэв хүйтэн, ёроолын чулууд нь өнгө өнгөөр алаглана. Тув тунгалаг тэр голын дэргэд очоод суухад л өөрийн мэдэлгүй ариусан цэлмэгшмээр нэг л тийм уянгын яруусал дотоод зүрх сэтгэлийг дэнслүүлнэ. Заримдаа бүр мэлмэртэл уйлаад, хамаг гуниг харууслаа юу ч үгүй болтол урсган мартмаар санагдана. Тэр бүх мэдрэмжүүд нийлээд ер бусын чинад аглагт хөглөгдөнө.

Уулын оройгоос хүч түрэн урсаж, хөөсрөн цалгилах голын хажууд суугаад л баймаар. Өдрийн хурц наранд бүлээссэн чулууг сандайлан, хязгааргүй мэт урсах түргэн урсгалыг ширтэн, тав дахь, зургаа дахь мэдрэхүйгээ бүхэлд нь мэдэрч, урсгал чимээг анирдан суухад хамаг өнгөрсөн бүхэн, хамаг алдаа бүхэн, харуусал гомдол болгон голын урсгалтай хамт арчигдан урсч, надаас холдох мэт. Миний дотроос тэр бүхнийг урсган ариусгах мэт нэг л ер бусын мэдрэмж төрнө.

Мухар Улиастайн амны салаа болгоноос горхи болон рашаан ус ундарч, тэд бүгд уулын голтойгоо нэгдэн нийлдэг ажээ. Нарийн шуудуугаар гүйх тэдгээр урсгалууд замдаа өвс ногоо, өнгөт цэцэгсийг тунгалаг шүүдрийнх нь хамт, ургамлын шим шүлт, амин охийнх нь хамт тээн урссаар шаргал өнгөтэй болж, нарийн жим татуулан урссаар их голтой нийлэн урсдаг гээд бодохоор гайхалтай. Боролзгоно цэцэгс хаа сайгүй дэлгэрсэн ногоон нуга хөндий шаргалтан алтарна. Гишгэх тоолонд газрын хөрс зөөлөн. Нэг л сайхан аялгуу эгшиглэх шиг уяруун яруу.

Мухар Улиастайн аманд байхдаа би эх байгалийнхаа тухай анх удаа нухацтай бодоход эх дэлхийгээ чин зүрхнээс хайрлах уярам сэтгэл өөрийн эрхгүй, ямар ч хаалтгүй түрэн гарч байсан юм. “Ай юутай сайхан!...” гэж дуу алдмаар. Уул ус, өвс ногоо, мод төгөл, газар чулуу бүгд яг л байр байрандаа. Мөнхөд хувирашгүй. Гэтэл хүмүүс бид л цаг үргэлж хувьсаж, гуйван дайвж, өөрсдийн амьдралаа түвэгтэй, яршигтай болгож, түүндээ зовж зүдэрч явдаг юм шиг санагдана.

Яруу найрагч, зохиолч М.Уянсүх ахын бүтээл туурвилын эх ундарга энэ л дагшин сүрлэг уулнаас эхтэй болохоор түүний илэрхийлэх сэтгэлийн үгс баян тансаг байх нь аргагүй дээ. Тэрбээр нутагтаа ирэх болгондоо уулсаа тойрч, оройд нь мацах дуртай гэнэ. Тэрхүү сүрлэг оргилоос хүүхэд насных шигээ чангаар дуу хадаан, уулс уулсад цуурайтуулан чимээ түгээх дуртай гэнэ.

“Оройн дээд” роман бол хүний дотоод оюун санааны оргилд хүрэх тэмүүлэл юм. Тэрхүү тэмүүллээ М.Уянсүх ах хүүхэд ахуй болон идэр залуу насны дурсамж, хүний амьдралын эгэл жирийн өдрүүд, насны замд тохиолдох ээдрээт явдал, жам ёсны тавилан зэрэг үй олон ухааралын цэгүүдээр холбож, бас сүлжиж хүүрнэхдээ бурханлаг оюун санаанд хүн өөрийнхөөрөө хүрэх тухай эрэл хийж буй нэгэн залуугийн дүрийг машид чадмаг бүтээсэн байдаг.

Гэрийн тооноор тусах хөх тэнгэр, сонин хэлбэр дүрс бүхий үүлс нүүхийг ажиглангаа аагтай шаргал цайндаа хуурсан арвайн гурил, айргийн тос нэмж уухад анхилам үнэр сэнхийж, айргийн тосны үл ялиг гашуун амт арвайтайгаа сүлэлдэн төгс зохицож, сэтгэл биеийг нэн өегөөр тэтгэнэ.

Оройн дээд!…

Энэ үгийг би өөрийнхөөрөө ойлгоном. Өөрийнхөө оройн дээдийг хайнам. Өөрийнхөө оройн дээдийг хайх замдаа уулын оргил ч бас оройн дээд, өөрийн хүрч болох амьдралын зорилго ч бас оройн дээд гэж ойлгоном. Тэр бүгдийг ОРГИЛ хэмээх нэг л утга нэгтгэн зангиддаг гэж ойлгоном. Магадгүй, хүн өөрийгөө олохын цагт л оройн дээдэд хүрдэг байх. Түүнд хүрэхийн тулд асар их төвлөрөлийг өөртөө хураах ёстой байх. Төвлөрөх л юм бол чи бодож эхэлнэ. Чи эргэцүүлж эхэлнэ. Эргэцүүлэн бодох тусам бодол санаа чинь цэгцэрнэ. Чиний дотоод ертөнц юу байсан, чи өөрөө хэн юм бэ гэдгээ таньж мэдэн, доторхоо онгичих болно. Тэгээд эцэст нь өөртөө бүрэн итгэлтэй болно.

М.Уянсүх ах надад хэлэхдээ: “Зөвхөн өөртөө эргэцүүлж, зөвхөн сайн бүтээл туурвихын төлөө дотроо шатаж амьдар. Үргэлж бодож тунгаан, дотроо боловсруулж яв! Тэр бүхэн чинь нэг л өдөр задарна. Нахиа түрдэг шиг. Дэлбээ нээгддэг шиг. Үндэснээс үрсэлнэ гэдэг чинь тийм л энгийн юм шүү дээ...” гэсэн юм.

Тийм ээ! Тэрбээр асар их сэтгэлийн төвлөрөл дундаас аугаа бүтээлүүдээ туурвисаар л яваа. Хамаг бүхнээ умартан, зөвхөн өөртөө төвлөрөн, цаг наргүй хичээн шамдаж, нойр хоолгүй улайран суух аугаа их төвлөрөл. Түүний тархи, зүрх, сэтгэл доторх гүн бясалгал өөрт нь ч захирагдахгүй. Тиймээс тэр бичсээр л. Түүний бүтээл туурвилын эх ундарга нь үзэсгэлэн төгөлдөр, сүрдэж бишрэм, ээнэг дулаан, өгөөж баян Хархираагийн дагшин их уулс нь үнэхээр мөн ажээ.