Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Улмаар иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тэгвэл энэ хэрэг шийдэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд нэг асуудал анхаарал татаад байна. Энэ нь Монгол Улсад тагнуул хийсэн гэх Энэтхэгийн Элчин сайдын яамны ажилтан МАНАНд ямар хариуцлага тооцсон бэ гэх асуудал.
Юутай ч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан Манан гэдэг хүний тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр бол Энэтхэгийн Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Шири Ражендра Жха Манан гэх хүн. Тэр хүнийг Энэтхэгийн тагнуул гэж Монголын тагнуулын байгууллага хэлж байгаа. Хэрвээ гадаадын тагнуулын ажилтан Монгол Улсад тагнуул хийж байгаад баригдвал тэр дор нь манай улс хөөж гаргах хуультай. Ийм зүйл огт хийгдээгүйгээс харахад тагнуул гэдгийг нь нотлосон зүйл алга” гэсэн мэдээллийг өгсөн. Мөн энэ хэрэгт холбогдсон гэх Манан болон Дарханбаяр нарыг яллаагүй. Гэрчээр тооцсон нь ямар учиртай юм бол? гэсэн асуултад “Харин тийм. Ер нь Дарханбаярыг би Монголын тагнуулын байгууллагын халхавчаар Энэтхэгийн Элчин сайдын яаманд ажиллаж Ч.Мөнхбаярыг хилс хэрэгт гүтгэх даалгавар биелүүлсэн гэж хардаж байна. Ч.Мөнхбаяр англи хэлгүй, орос хэлтэй. Тэр Р.Ж.Манан англи хэлтэй, монгол хэлгүй. Энэ хоёрыг уулзсан бүх үед Дарханбаяр орчуулагчаар хамт байсан. Утсаар Ч.Мөнхбаяр руу “Манан тантай тэнд уулзая гэж байна” гэж ярьдаг. “Танд мөнгө өгүүллээ” гэж авчирч өгдөг ийм хүн. 2020 оноос Ч.Мөнхбаяртай уулзаж эхэлсэн. Тэр хугацаанаас эхлээд Монголын тагнуулынхан мэдээлэл цуглуулж мөрдөн мөшгиж эхэлсэн. 2 жил гүйцэтгэх ажилд оролцож тагнуулд мэдээ зөөж байсан хүн гэж хардаж байна. Хэрэв гадаадын тагнуултай уулзаад, мөнгө төгрөг авч өгөлцөөд байгааг Монголын тагнуул мэдсэн бол нэн даруй таслан зогсоож, монгол хүнээ гэмт хэрэгт оролцож, хохирохоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй шүү дээ. Гэтэл тэгээгүй болох нь, бүр Дарханбаярыг оролцуулан харилцааг нь улам лавшруулж байсан нь харагдаж байгаа юм. Гэмт хэрэгт хамтран оролцсон Дарханбаяр өнөөдөр гэрчээр мэдүүлэг өгөөд эрх чөлөөтэй явж байгаа биз дээ” хэмээн тодотгосон байсан юм.
Иймээс л олон нийтийн дунд хэрвээ Ч.Мөнхбаяр үнэхээр тагнуул хийсэн нь нотлогдож, шүүхээс түүнд ял оноосон юм бол гадны тагнуулын ажилтан МАНАНГ яасан бэ гэх асуудал анхаарал татаж байна. Бид энэ талаар эргэн тодруулах болно.