Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нээлттэй ил захидал хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсанамсрайн Оюун-Эрдэнэ танаа
Ил захидал
Танд энэ өдрийн мэнд хүргье.
Монгол Улсын иргэн Д.Эрдэнэбилэг миний бие Танд энэхүү ил захидлыг хүргүүлж байна.
1. Монгол Улсад Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах "Кью Эс Си" ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг миний хувь эзэмшдэг Худалдаа, хөгжлийн банкны зүгээс сүүлийн арав гаруй жилийн турш дэмжиж, улсдаа ган хайлуулах үйлдвэр байгуулахад нь хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн. Тус компани нь уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн банк болон арилжааны банкнаас зээл авч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өнөөдрийн түвшинд хүргэжээ. Энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 380 сая ам.доллар буюу 1 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, Монгол Улсынхаа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, эдийн засгийн хөгжлийн ирээдүйд томоохон ахиц авчирсан.
Хэдий төслийг Засгийн газрын шийдвэрээр цуцалсан ч тус компани нь өеөрсдийн нөөц бололцоогоо дайчлан, Худалдаа, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкны 192 тэрбум төгрөгийн зээлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулжээ.
2. Үндэсний хамгийн том үйлдвэрлэгч Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр болон Монросцветметийн 49 хувийн хувьцааг Оросын Холбооны улсын Ростех улсын корпорациас худалдан авахад Худалдаа, хөгжлийн банкнаас санхүүжилт олгож, хэлцэл амжилттай болсон нь үнэн билээ. Монголиан Коппер Корпорейшн ХХК нь 400 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 1.25 их наяд төгрөгийг ОХУ-д төлж, тус үйлдвэрүүдийг 100 хувь Монгол Улсын өмч болгосныг цохон тэмдэглэхийг хүсч байна. Эрдэнэт үйлдвэр 100 хувь дотоодын өмч болсны үр шимийг Монголын нийт иргэд бид КОВИД-19 цар тахлын хүнд цаг үед хүртсэнээр барахгүй төрийн өмчийн удирдлага, менежмент дор үйлдвэр нь үр ашигтай ажиллаж, улсад 1.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.
3. Үндэсний үйлдвэрлэгч Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрт байгаль орчинд ээлтэй, хуурай аргын шинэ технологи нэвтрүүлэх төслийг мөн дэмжиж ирсэн. Хувьчилж авсан компани нь анхны хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 160 гаруй сая ам.доллар буюу 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед Хөтөлийн Цемент Шохой ХК~ийн үйлдвэр хямд өртгөөр, евро стандартын өндөр чанарын цементийг зах зээлд нийлүүлж, Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ доривтой оруулж байна. Засгийн газрын шийдвэрээр тус үйлдвэрийг төрд буцаан авсанд анх санхүүжилт олгож, дэмжиж ирсэн хүний хувьд миний бие эсэргүүцэх зүйлгүй бөгөөд цаашид төр өмчлөлөө хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
Үйлдвэр цаашдаа хэвийн, тогтвортой ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтад чухал хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна.
Цаашид Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр болон Монросцветметийн 49 хувийн хувьцаатай холбоотой асуудлыг Монгол Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэц, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлж шударгаар шийдвэрлэж, худалдаж авахад гаргасан төлбертэй холбоотой хэлцэл цааш үргэлжилж, нэг мөр эцэслэх нь хамгаас чухал гэж үзэж байна. Улс орныхоо эдийн засгийн хөгжил дэвшил, үндэсний аж үйлдвэржилт болон Шинэ сэргэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, бүх талаар хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлье.
Хүндэтгэсэн: Монгол Улсын иргэн Д.Эрдэнэбилэг
2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр