Монгол Улсын тагнуулын байгууллага нь үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллага.
Нэг ёсондоо энэ байгууллагыг Монгол Улсын бүрэн дархлааг тогтоогч ч гэж хэлж болно.
Гэтэл сүүлийн үед хэн дуртай нь энэ байгууллагыг дайрч доромжилж, хүслээрээ элдэвлэх болов. Хамгийн сүүлд гэхэд өмнө нь Ахмадуудын холбооны тэргүүн одоо бол өмгөөлөгч хэмээн өөрийгөө нэрлээд буй Г.Баасан “Тагнуулын ерөнхий газар агнуурын ерөнхий газар болсон. Хүний эрхийн төлөө дуугардаг хүнийг агнаж хорьдог байгууллага болсон байна” хэмээх болов. Ингэхдээ тэрбээр байсхийгээд л гарч ирэн миний үйлчлүүлэгч буруугүй хэмээн цамнаж "Иргэн хүний эрхийн тэмцэгч Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Энэ хүнийг төрийн нууц мэдээллийг гадаадад худалдсан, дамжуулсан гэх зүйл заалтаар яллах гэж оролдож байна. Тагнуулын ерөнхий газар агнуурын ерөнхий газар болжээ. Хүний эрхийн төлөө дуугардаг хүнийг агнаж хорьдог байгууллага болсон байна. Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш” хэмээх.
Уг нь Тагнуулын байгууллагаас иргэн Ч.Мөнхбаярыг ямар үндэслэлээр саатуулсан гэдгээ тодорхой мэдээлсэн. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр баривчлан саатуулсан” гэж мэдээлсэн. Харамсалтай нь Г.Баасан үүнийг сонссон уу, эсвэл юу ч болсон гудамжинд жагсаж тэмцдэг шигээ хэл ам хийгээд явбал ялна гэж бодсон уу ийн дураараа аашлах болов.
Нөгөө талаар ямар ч өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчээ өмгөөлөх нь зүйн хэрэг. Гэхдээ өмгөөлнө гэдэг бусдыг, тэр дундаа Тагнуулын байгууллагыг хүссэнээрээ доромжилж, энэ тухай мэдээ, мэдээлэл бэлтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг доромжилно гэсэн үг биш. Харин ч ийм хэрэг дээр няхуур ажиллаж, гэм буруутай гэж байгаа бол яагаад, үгүй гэж үзэж байгаа бол яагаад гэдэг үндэслэлээ маш Тодорхой гаргаж ирж тайлбарлах, олон нийтэд зөв ойлголт өгөх ёстой. Гэтэл өмгөөлөгч Г.Баасан гэх эмэгтэй юу дуртайгаа хэлж, Монгол Улсын Тагнуулын байгууллагын хүслээрээ доромжилж, тэр ч бүү хэл энэ тухай мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагуудад дарамт шахалт үзүүлэн хуулийн байгууллагад хүртэл шалгуулна хэмээх болов. Мөн тэрбээр зарим хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголын Тагнуул, хуулийн байгууллага өмнөд хөршийн даалгавраар энэ ажлыг хийж байна гэж хүртэл ярьсан байх юм.
Тэгвэл Г.Баасан гэж хэн бэ. Үнэндээ түүний хувьд ахмадуудын нэрийг барьж олны өмнө гарч ирсэн. Дараа нь хэд хэдэн улс төрчийн ивээлд багтаж, АТГ-ын Олон нийтийн зөвлөлд орсон. Гэвч удалгүй би АТГ-ын дарга бол гэвэл болно хэмээн олны гайхшралыг төрүүлж байсан хүн. Гэтэл өнөөдөр тэрбээр би өмгөөлөгч гэчихсэн Монголын төрийг Монгол Улсын дархлааг хамгаалагч Тагнуулын байгууллагаа хүссэнээрээ доромжлоод сууж байна.