Ё.Баатарбилэгийг ямар ч хамаагүй аргаар улс төрөөс зайлуулах нь МАН-д хоёр талын ашигтай

Цаанаасаа улс төрийн томоос том тавилттай ч байж мэдэх Хөгжлийн банкны дуулиан эцэстээ дөрвөн гишүүнээр туг тахиснаар өндөрлөх бололтой. Прокурорын байгууллагын мэдэгдсэнээр эдгээр гишүүд нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нар бөгөөд хуулийн байгууллагаас тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа УИХ-ын даргад хүргүүлснээр хувь заяаг “ангийнх” нь нөхөд шийдвэрлэх болоод байна.

Гэтэл дээрх дөрвөн гишүүний нэр тодрохтой зэрэгцээд нэг асуудал олны анхаарлыг татаж эхэллээ. Энэ нь МАН-ын удирдлагууд Хөгжлийн банкны дуулианыг эцэстээ өрсөлдөгчөө зайлуулах заль болгон ашиглаж эхлэв үү гэсэн хардлага.

Энэ нь ч бас учир шалтгаантай.

Хэрэв уншигчид санаж буй бол энэ дуулиан эхлэх үед УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Х.Дамдинням, С.Бямбацогт, Ч.Ундрам болон гишүүн асан А.Сүхбат нар ямар нэг байдлаар Хөгжлийн банкнаас зээл авсан нь үнэн тул тэднийг шалгах цаашлаад намаас нь хөөх  асуудал яригдах болов уу гэцгээж энэ тухай хэвлэлүүд ч онцолж байв.  

Улмаар асуудал яригдаад хариуцлага тооцох болтол “Би зээл авсан. Төлсөн. Төлнө” гэж байсан нь сугарч, харин намдаа нэр цэвэр гишүүдийн тоонд зүй ёсоор ордог Ё.Баатарбилэгийн нэр гэнэт орж ирэв. Ингэхдээ түүнийг Хөгжлийн банкнаас зээл авсан бус харин Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн нэг "НВЦ" компанийн захирлаас хахууль авсан асуудлаар шалгаж буй гэдэг бүдэг бадаг мэдээллээр олны тархийг “угааж” эхэллээ.  

Иймээс л олон нийт, тэр дундаа хэвлэлүүд МАН-ын удирдлагууд Хөгжлийн банкны дуулианыг эцэстээ өрсөлдөгчөө зайлуулах заль болгон ашиглаж эхлэв үү гэцгээж энэ асуултандаа хариулт нэхцгээж байна. Мөн Ё.Баатарбилэг гишүүнээс ч энэ тухай асуусан. Харин тэрбээр “Хуурай гүжир хариу үгүй. Би буруугүй” гэсэн тайлбар өгч байна билээ. 

Үнэндээ бол Ё.Баатарбилэг гишүүнийг МАН-ын нэр цэвэр, хариуцсан ажилдаа хариуцлагатай гишүүдийн нэг гэдгийг намынхан ч, олон нийт ч хүлээн зөвшөөрөг. Иймдээ ч өнгөрсөн УИХ-ын сонгуульд Архангай аймгийнхан түүнд итгэл хүлээлгэж, төрд төлөөлөх төлөөлөгчөө болгон сонгосон. Мөн түүнийг хариуцсан ажилдаа чамбай, хариуцлагатай гэдгийг БШУЯ-ныхан ч хэлдэг.  Сайдаар ажиллах хугацаандаа тус яаманд байсан олон болохгүй асуудлыг цэгцэлсэн гэдгийг одоо ч ярьцгаадаг. Иймээс л эрх баригч намынханд энэ хүнээрээ “туг тахих” ямар учир шалтгаан байна вэ гэж асуухад хүргэж байгаа юм. Нөгөө талаар  тун удахгүй 2024 оны УИХ-ын сонгууль эхэлнэ. Үүнийг угтаад МАН дотор “би” гэсэн амбицаa дарж чадахгүй байгаа нөхөд улс төрийн "тоглолт"-оо намынхаа бүх шатанд хийгээд эхэлсчихсэн. Ямартай л зарим хэвлэлд МАН-ын дарга нар 2024 оны УИХ-ын сонгуульд аль хэдийнээ бэлтгэж, нэр дэвших хүмүүсээрээ шатар нүүж эхэлсэн гэх мэдээлэл дурайж, Ё.Баатарбилэг золиос нь болж байх магадалтай гэцгээж байна. 

Үнэндээ МАН-ын өнөөгийн удирдлагуудад олон нийтээс янз бүрийн аргаар оноо цуглуулах шаардлага тулгараад байгаа. Үүний нэгдүгээрт, Монголын бузар булай хэмээн өөрсдөө нэрлэсэн “Миеэгийн фракц”-ыг улс төрөөс шахан гаргахын тулд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дэмжиж байсан нөхдийг ямар ч хамаагүй аргаар зайлуулах. Хоёрдугаарт АН-ыг хүчтэй сөрөг хүчин болгон өндийлгөхгүйн тулд "Женко"-той холбоотой бүхнийг ямар ч хамаагүй шалтгаар шахан зайлуулах. Гэтэл энэ хоёр шалтагт яв цав нийцэж буй хүн нь Ё.Баатарбилэг бөгөөд түүний хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дэмжиж байсан 32-ын нэг гэдгийг улс төрийнхөн андахгүй. Тэр асуудлаас болж, өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой хүртэл муудалцаж байсан бичлэг нь одоо ч байдаг. Харин хоёр дахь буюу “Женко”-той яагаад холбож болох вэ гэвэл Ё.Баатарбилэгийн олон жилийн найз , Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч гэх Ц.Баатарбилэг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж, хандив өгсөн байдаг юм. Тэгэхээр МАН-ын өнөөгийн дарга нарт Ё.Баатарбилэг хоёр талын ашигтай бөгөөд энэ ч бас хоёр тайлбартай байж болно. Тодруулбал, 

Нэгдүгээрт: түүнийг ямар ч хамаагүй аргаар явуулах нь МАН-ынхан олон нийтэд өөрсдөдөө хариуцлага тооцож чаддаг сүрхий улс төрийн хүчин болж харагдах

Хоёрдугаарт: Түүнийг найзаар нь дамжуулж золиослоод АН-ыг хүчтэй сөрөг хүчин болгохгүй унагаж дэвссээр байх   

Эцэст нь энэ бүхнээс харвал  Ё.Баатарбилэг яахын аргагүй улстөрийн золиос болж байгаа юм.