О.Зоригт: Тэр барилгын үндсэн хийц галд өртөөгүй, харин ч байшинг өндөр температурын өөрчлөлтөд орохоос хамгаалсан

Бүтээн байгуулалтын улирал эхэллээ. Барилгын салбарт шинээр эхлүүлэхээ эхлүүлж, дуусгахаа үргэлжлүүлэх үе. Технологийн дэвшил нэвтэрсэн талбар бүрт хуучин, хоцрогдсон нь ололт, амжилт авчирч буй шинэ бүхэнд байраа тавьж өгдөг нь зүй тогтол. Энэ зарчим манай улсын барилга үйлдвэрлэлийн салбарт олон зүйл дээр ажиглагддагийн нэг нь барилга, байшингийн дулаалгын материал, түүхий эд билээ. Монголд барилгын дулаалгыг шилэн болон чулуун хөвөн, EPS хөөсөнцөр, перлит, дулаалгатай дүүргэлтийн блокууд зэрэг материалаар хийж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд шүршдэг хөөсөн дулаалга хүч түрэн орж ирээд буй юм.

Шүршдэг хөөсөн дулаалга хэд хэдэн янз. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, өөрөөр хэлбэл шүршдэг хөөсөн дулаалгын түүхий эдийг импортоор оруулж ирэн, зах зээлд нийлүүлдэг, өөрсдөө ч шүршиж үйлчилдэг байгууллага, хувь хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Барилга үйлдвэрлэгч компаниуд ч энэ төрлийн дулаалгыг үнэлэх болж, өргөн хэрэглэх болсон. Мөн барилга захиалагчид ч үүний онцлог, давуу талыг хүлээн зөвшөөрч, дулаалгыг чухамхүү шүршдэг хөөсөөр хийлгэхийг илүүд үздэг болсон. 

Гагцхүү сайны хажуугаар саар гэгчээр шүршдэг хөөсөн дулаалга галд түргэн шатамхай, аюултай гэсэн нэг талын мэдээллийг санаатай мэт түгээх болсон нь олон нийтийг төөрүүлэх, эргэлзээ төрүүлэх эрсдэл үүсгэх магадлалтай. Иймээс шүршдэг хөөсний бизнес эрхлэгчдийн нэг, “Гэр чулуу констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын полиуретан хөөсний бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн О.Зоригт тайлбар хийж буй юм. Тэдний хийдэг ажил, энэ хүртэл туулсан замнал сонирхолтой. Залуу бизнес эрхлэгчийн санаа, эрмэлзэл дэлхийн энд явна.

-Олон нийтийн дунд шүршдэг хөөс шатдаг гэсэн ойлголт бий болоод байх шиг.

-Ийм ойлголт бий болсон нь саяхан өндөр барилга шатсантай холбоотойгоор дэгдээсэн янз бүрийн худал цуу ярианаас үүдэлтэй. Тэр барилгад шүршдэг хөөснөөс болж гал гараагүй. Галын дүгнэлт нь ч гараагүй байхад, худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж байгаад манай холбооны гишүүн байгууллагынхан харамсаж байгаа. Юутай ч фасадыг нь хийж байх явцад хөдөлмөр, аюулгүй байдлын талаас алдаа гарснаас болж гал гарсан юм билээ. Гол шатсан материал бол фасадны хуванцар. Тухайн барилгын гадна талын хөөсийг хуулж харахад барилгын үндсэн хийц ямар ч галд өртөөгүй, харин ч барилгыг өндөр температурын өөрчлөлтөд орохоос хамгаалж үлдсэн нь харагдаж байгаа. Монгол Улсын стандартаар полиуретан хөөсийг 4 ангилсан байдаг. Барилгын өндрөөс нь хамаарч 3 төрлийг нь ашиглах боломжтой.

Зураг : Полиуретан хөөсний стандарт MNS ISO 8873:2005, MNS EN 13501-1

Эх үүсвэр : Low Energy House

Тухайн барилгад MNS стандартад нийцсэн ангиллын түүхий эд хэрэглэсэн үгүй нь хамгийн чухал асуудал. Барилгын компанийнхан, барилгын зургийнхан ч шүршдэг хөөсөөр дулаалахын давуу тал, ач холбогдлыг мэддэг. Гэхдээ стандартад нийцэж байгаа эсэхийг, зурагтаа зөв тусгах тал дээр мэдлэг дутмаг байгаа нь ажиглагддаг. Энэ тал дээр холбооны зүгээс мэдлэг олгох сургалт, мэдээллүүдийг цаашид эрчимтэй хүргэхээр ажиллаж байна.

Injection буюу дүүргэлтийн төрлийн полиуретан хөөс хүртэл гал дэмжихгүй гэдгийг EN 13501-1 стандартаар тодорхойлсон байдаг.

Галын аюулгүй байдал

Гал тэсвэрлэлтийн ангиллыг  EN 13501-1-д   заасны дагуу тодорхойлно. PUR- хөөсөнцөр бүтээгдэхүүний гал тэсвэрлэх чанар цаг хугацаанаас хамаарч өөрчлөгддөггүй. Ханын гадна болон дотор талаас тархах галын нөлөөллийг судалж, туршиж үзсэн дүгнэлтэд  үндэслэн энэхүү PUR хөөсөнцөр хавтанг нь гал дэмжихгүй ангилалд багтаасан  болно.

Маш энгийнээр тайлбарлахад бүх материал галын ангилалтай байдаг. Үнэ дагаад чанар байдаг.

-Ер нь шүршдэг хөөсний үйлдвэрлэл хэзээнээс эхтэй юм бэ?

-1932 оноос эхтэй залуу салбар. Анх наалдамхай чанар өндөр байсан учраас цавуу хийж хөгжүүлж эхэлсэн. Удалгүй үүн дээр хөөлгөгч бодис нэмж дулаалгын материал гаргаж авсан түүхтэй. Анхны хөөлгөгч бодис нь фреон байсан ба энэ нь дэлхийн озоны давхаргад сөрөг нөлөөтэй байсан тул 2 дахь шатны хөөлгөгч болох усан суурьтай бүтээгдэхүүн хөгжүүлэлт эрчимтэй явагдаж эхэлсэн. Дэлхий тэр даяараа фреоны хэрэглээг шат дараатайгаар багасгасаар 2025 он гэхэд бүрэн халах зорилт тавьсан. Монгол Улс ч үүнд нэгдэж 2019 оноос фреон суурьтай түүхий эдийг Монгол Улсын хилээр оруулахыг хориглосон байдаг.

Усан суурьтай полиуретан хөөс нь озон задлагч бодис огт агуулаагүй, Дэлхийн дулаарлын индекст үзүүлэх нөлөө 0 учир хамгийн шалгарсан ЭКО дулаалгын материал болоод байна.

Тухайлбал, Америк, Канадад барилгыг үүгээр л дулаалдаг. Тэдгээр улсад уушгинд хорт хавдар үүсгэдэг гэсэн шалтгаанаар  амины орон сууцыг сүвэрхэг хөвөнгөөр дулаалахыг хориглосон. Манай компани найман жилийн өмнө дулаалга хийж эхэлж байх үед дэлхийн дулаалгын материал үйлдвэрлэгч топ 10 компани бүгд шилэн болон чулуун хөвөн үйлдвэрлэгч байлаа. Гэтэл өнөөдөр дэлхийн топ 10-ын гурав нь шүршдэг хөөсөн дулаалга үйлдвэрлэгч байна. Тэгэхээр хэрэглээ, хэрэгцээ дэлхийд хэрхэн өөрчлөгдөж, ахиж дэвшсэн нь харагдаж байгаа биз.

-Шүршдэг хөөс гэж чухам юу вэ. Хэдэн янз байдаг гэлээ. Манай улсад алийг нь хэрэглэж байна, онцлог, давуу талыг нь тодруулж яриач.

-Ойлгомжтой байлгах үүднээс энгийнээр ярья. Ер нь бол хоёр төрлийн бодис байдаг юм. Аль алийг нь поошигт савласан. Эдгээрийг машинд оруулж, нийлүүлээд, 70 градус хүртэл халаагаад шүршихэд гадаргуу дээр буухдаа хөөс болдог. Гадаргууд наалддаг учир ямар ч завсар байдаггүй. Тийм болохоор дулаан гадагшлуулдаггүй. Дулаан дамжуулах коэфициент нь бараг 0. Иймээс дээд зэргийн дулаалга болдог. Ийм л  бүтээгдэхүүн.

Дээр дурьдсанчлан полиуретан шүршдэг хөөс фреон суурьтай, усан суурьтай гэж үндсэн хоёр янз байдаг. Дэлхийн озоны хорооны тэмцлийн дүнд улс орнууд фреон үйлдвэрлэхээ больсон. Хэрэглээнээс гаргасан гэсэн үг. Гэсэн ч манай улсын тухайд хувь хүмүүс урд хөршөөс одоо ч мэр сэр оруулж ирсээр байгаа нь нууц биш. Удахгүй бүрмөсөн ашиглахаа болих биз ээ.

-Та холбооныхоо үйл ажиллагаа, ирээдүйн зорилго, зорилтын талаар товч мэдээлэх үү?

-Полиуретан хөөсний бизнес эрхлэгч компани хувь хүмүүс нэгдэж шүршдэг хөөс эрхлэгчдийн холбоог байгуулан тэргүүнээр нь намайг сонгосон ба шүршдэг хөөсний талаарх зөв ойлголтыг олон нийтэд хүргэхээр хичээн ажиллаж байна. Энэхүү дулаалга нь шинэ, залуу бүтээгдэхүүн  бөгөөд жил ирэх тусам технологийн шинэ шинэ дэвшлүүдийг ашигласнаар хөгжлийн дараагийн шатандаа маш хурдан дэвшиж байна.

Полиуретан бол дан ганц дулаалгын асуудал биш. Өнөөдөр хүн бүрийн хэрэглэж байгаа эд зүйлст полиуретан орсон байдаг. Хүмүүсийн сайн мэдэх машины суудал, дотор талын хянах самбарын хэсэг, буйдангийн зөөлөвч, орны матрас, гутлын ул, тоглоомын талбайн хиймэл зүлэг, тавилга, интерьерийн гоёлууд гээд маш олон зүйлсийг полиуретанаар хийдэг. Одоогоор Монголд полиуретан хөөсөөр хоолойн дулаалгыг үйлдвэрлэж эхэлсэн. Полиуретан сэндвичэн хавтанг ч үйлдвэрлэж байна. Дулаалгыг том томоор нь гадаадаас зөөх биш орцыг нь авч ирээд хэвэнд цутгаад тээврийн зардлыг 60-90% хэмнэж, Монголдоо нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрүүд байна.

Монголд олон сайхан гутлын үйлдвэрүүд бэлдцээ гаднаас зөөж оёж байна. Бид тэдэнтэй хамтарч гутлын улыг ч үйлдвэрлэж дулаан, хөнгөн, удаан эдэлгээтэй гутал үйлдвэрлэхээр ажиллаж байна. Мөн холбоогоороо дамжуулж шинэ хэрэглээний үйлдвэрлэлийн технологийг импортолж, хөрөнгө оруулалт татан олон хүнийг ажлын байраар хангах гэх мэт ажлуудыг төлөвлөөд байна.

-Танай “Гэр чулуу констракшн” ХХК усан суурьтай шүршдэг хөөсний бизнесээ хэзээнээс эхэлсэн бэ, хэр амжилттай байна. Энэ бизнесийн дэлхийн томоохон тоглогчид нь хаанахын ямар, ямар компани байдаг вэ, бүтээгдэхүүн нь хэр сайн бэ? 

-Шүршдэг хөөс импортолдог, захиалгаар үйлчилдэг аж ахуйн нэгж, хувь хүн 20 гаруй байдгийн нэг нь манайх. Анхны импортлогчдын нэг л дээ. Бид усан суурьтай шүршдэг хөөсний түүхий эдийг ОХУ, Канадаас оруулж ирдэг. Бизнесээ найман жилийн өмнөөс эхлүүлсэн. Манайх амины орон сууц барих ажлыг олон жил хийсэн юм. Явцын дунд ямар ч барилга, байшингийн дулаалгыг маш сайн хийх юм бол дулааны алдагдалгүй байж, суугчид тав тухтай амьдарна гэдгийг ойлгосон. Тийм болохоор дулаалга талд янз бүрийн туршилт хийж байлаа. 2010 онд юм, нэгэн захиалагчийнхаа байшинг Германы шүршдэг хөөсөөр дулаалтал тэднийх жилийн турш ямар ч гомдол гаргаагүй. Өмнө нь байшин барьж өгсөн айлуудын зүгээс “Сийгээд байна, дулаалгыг сайжруулах арга байна уу” гэсэн асуулт тавьдаг байсан л даа. Гэтэл эднийх юу ч ярихгүй байхаар нь бид “Яагаад” гэсэн асуултыг өөрсдөдөө тавиад. Байшин дулаан, тав тухтай байгаагийн үндсэн шалтгаан нь дулаалга сайных гэдгийг ойлгосон учраас ерөөсөө худалдаж авч байхаар өөрсдийн хэрэгцээний шүршдэг хөөсийг гадаадаас оруулж ирье гээд зүтгэчихсэн. Санаснаа хэрэгжүүлэхээр барахгүй, дэлхийн №1 үйлдвэрлэгч болох Хантсманы дистрибьютор болсон юм.

-Тэгэхээр танай компани АНУ-ын Хантсман, ОХУ-ын “Экотермикс” брэндийн хөөсийг мөн оруулж ирдэг байх нь, тийм үү?

-Тийм ээ. Евростандартын энэхүү шүршдэг хөөсөн бүтээгдэхүүн нь дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө 0, озоны давхаргад нөлөөлөх үзүүлэлт 0 байдаг. Залуучууд бид одооноос дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлж ирээдүй хойчоо бодохгүй бол болохгүй үе ирээд байна шүү дээ.

-Танайхыг дэлхийн хамгийн шилдэг үйлдвэрлэгчдийн олон улсад танигдсан брэндүүдийг Монголдоо оруулж ирдэг юм байна гэж ойлголоо.

-Үнэн. Яагаад дэлхийд үнэлэгдээд, шилдэгт тооцогдоод бүх барилга, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт тэсрэлт авчраад байгаа бүтээгдэхүүнийг монголчууд хэрэглэж болохгүй гэж.  

-Усан суурьтай шүршдэг хөөсийг өргөн хэрэглээд ирвэл шилэн, чулуун хөвөн дулаалгын материалыг ашиглахаа болих уу?

-Өндөр хөгжилтэй орнуудад одоо зөвхөн усан суурьтай шүршдэг хөөсөөр дулаалж байна. Сүвэрхэг хөвөн дулаалгыг өвчин үүсгэдэг гэж тогтоосноос хойш амины орон сууцанд хэрэглэхээ больсон. Олон нийтийн зориулалттай зарим барилгад бол ашиглаж буй юм билээ. Тэгээд ч чулуун хөвөн бороонд чийгтдэг. Чийгтээд байтал нар огцом шарахад хатаж, агшаад завсар гардаг. Ингээд дулаалгын материалын үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог сул талтай. Зах зээлийнхээ хуулиар давуу сул тал, үнэ гээд ялгараад гарч ирэх нь цаг хугацааны л асуудал. Бусдыг муулах биш өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах тал дээрээ хүн болгон хичээж ажиллах юм бол Монголын хөгжилд илүү хувь нэмрээ оруулж буй хэрэг гэж би боддог.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу 

https://www.gerchuluuconstruction.com/services/polyurethane/?fbclid=IwAR0nnajWs-ScGcuNJ8n4qe6cDtzu9uc5hCmT79f3zssHPfOVooS7lVnu--Y

Ярилцсан Р.Оюунжаргал