МАН-ын бүлэг хуралдаж төсөвт тодотгол хийх асуудлыг дэмжжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Бид нөхцөл байдлаа бодитой дүгнэх ёстой. Урд хөршид цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан хил дээрх нөхцөл байдал сайжрахгүй байна. Мөн Украинд болж буй асуудлаас үүдэн гадаад худалдааны хүндрэл бэрхшээл тодорхой хугацаанд үргэлжлэх төлөв харагдаж байна. Тэгэхээр 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтийг өөрчилж байна. Залуусын жагсаалд гол яригдаж байсан үнийн өсөлттэй холбоотой төсөвт тодотгол хийхийг бүлэг дэмжлээ. Төсөвт тодотгол хийж буй шалтгаан нь ам.доллар, төгрөгийн ханш дээр ирж буй дарамтыг бууруулах ёстой. Их хэмжээний эрэлт бий болговол хоёр төрлийн бэрхшээлийг эдийн засагт бий болгоно.
Нэгдүгээрт, төгрөгийн ханш унах, валютын нөөц хомсдоход хүргэж байгаа. Их хэмжээний эрэлт бий болмогц одоо хүндрэлтэй байгаа тээвэр ложистикт улам нэмж ачаалал болно. Энэ нь тээвэр ложистикийн үнийг улам нэмэгдүүлэх, хөөрөгдүүлэх тул бүлэг дээр ярьж, гишүүдийн 100 хувийн саналаар төсвийн тодотголыг хийе гэдэг зарчмын саналыг дэвшүүлж байна. Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэмсэн. Үүнтэй уялдаж төсвийн бодлогоо хэрэгжүүлэхгүй бол үр дүн бага байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn