Тагнуулын Ерөнхий газраас дөнгөж сая иргэдийг үймээн самуунд уриалж, экстремист үйл ажиллагаа явуулах гэж байсан таван хүнийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Монгол Улсын Үндсэн хуульд иргэд итгэл үнэмшилтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй гэж заасан. Гэтэл иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр бусдын эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий 5 иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх этгээдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхээр багагүй хугацаанд бэлтгэж байсан. Тухайн этгээдүүдийн орон гэр, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөж байсан гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл илэрсэн.
Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрснээс Ака 47 маркийн сээр дугаарыг зориудаар арилгасан автомат буу 1 ширхэг, уалтар маркийн гар буу 1 ширхэг, ТТ-50 маркийн гар буу 1 ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэг тус тус байсан. Мөн 7.62 мм-ийн байлдааны сум 274 ширхэг, 6.4 мм-ийн сум 82 ширхэг, 223 мм-ийн сум 149 ширхэг, 5.6 мм-ийн сум 291 ширхэг, 12 мм-ийн сум 57 ширхэг, 16 мм-ийн сум 14 ширхэг буюу нийт 861 ширхэг бум болон тэсэрч дэлбэрэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан. Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн" гэлээ.
Мөн Тагнуулын байгууллагаас иргэдийг жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.