Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад хэд хэдэн хуулийн төсөл өргөн барив. Эдгээрийн нэг нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.
Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилнө.
Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1,925,772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгадаг болно. Мөн иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа бэрхшээл учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заажээ.