Тагнуулын Ерөнхий Газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр хоёрдугаар сарын 18-ны өдөр иргэн Ч.Мөнхбаярыг гүйцэтгэх ажиллагаа явуулж, саатуулсан талаар мэдээлэл хийсэн.
Ингэхдээ “Тагнуулын байгууллага Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож мөрдлөг явуулдаг. Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийе" гээд "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг өчигдөр /2022.02.17/ баривчлан саатуулсан. Мөн тэрбээр гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж мөнгөн урамшуулал авч байсан бөгөөд түүнийг үйлдэл дээр нь саатуулсан. Мөн гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, валют илрүүлэн хураан авсан” гэсэн юм.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр Ч.Мөнхбаяртай уулзаж их хэмжээний бэлэн мөнгө өгсөн хүн нь Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны ажилтан байсан бөгөөд тэр өдөр түүнд 200 гаруй сая төгрөг өгч байгаад баригдсан төдийгүй урт хугацаанд хамтран ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
Хамгийн ноцтой нь Ч.Мөнхбаяр Монгол Улсыг мөнхийн хоёр хөрш болох БНХАУ болон ОХУ-тай эв түнжингүй байлгах зорилго агуулсан мэдээллийг цахим орчинд нийтлэх, олон нийт рүү хандсан жагсаал цуглаан гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр гуравдагч орны хүсэл сонирхлыг биелүүлж байсан байж болзошгүй байгаа аж.
Ямартай ч энэ хэрэгтэй холбоотой бас нэг мэдээлэл байгаа нь Тагнуулын Ерөнхий газраас Ч.Мөнхбаярт мөнгө өгч байсан Энэтхэгийн Элчин сайдын яамны ажилтанг яаралтай эгүүлэн татаж нутаг буцаах, эс тэгвэл хүч хэрэглэн саатуулах болсон тухайгаа тус улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн гэх мэдээлэл байна.
Ч.Мөнхбаярын тухайд иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран байсхийгээд л жагсаал цуглаан зохион байгуулдаг бөгөөд “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүнээр ажилладаг юм.