Арваад жилийн өмнө Монгол Улсад анхны “Чингис Хаан” Гран При тэмцээн болоод дуусч байхад бид Монголын тал нутгийн хойд хязгаарт байрлах Хөвсгөл нуур руу явах замд нэгэн жаахан охинтой тааралдаж байсан билээ. Тэр бол 10 настай Бавуудоржийн Баасанхүү байсан бөгөөд өдгөө түүнийг 2022 оны улирлын эхэнд жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээнд хоёр удаа шагналын тавцанд зогсоно гэж төсөөлөөгүй юм.
Гэрэл зураг: Б.Баасанхүү Мөрөн хот. 2012 он
"Би Мөрөн хотод найзуудтайгаа ярилцаж байгаад нэг л өдөр жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэр үед би жүдо бөх гэж юу болохыг мэдэхгүй байсан ч надад маш их хөгжилтэй байсан. Тиймээс энэ спортоор хичээллэнэ гэж төсөөлж байгаа ч цаашид юу болохыг мэдэхгүй байна”.
Түүний энэхүү агуу адал явдал үргэлжилсээр л байна. 2021 онд Парис, Баку гэсэн хоёр Их дуулга тэмцээнд оролцож, чансаагаа ахиулаагүй тэрбээр энэ оны хоёрдугаар сарын эхээр болсон алдарт Парисын "Их дуулга"-аас мөнгө, Тель-Авив хотноо -48 кг-д дараалан хүрэл медаль хүртлээ.
Энэ үеийг анхны Б.Баасанхүүгийн бэлтгэл сургуулилтын нөхцөлтэй харьцуулан харахад ахиц дэвшлийг нь биширэхээс өөр аргагүй. Түүний хувьд жүдо бөхийн утга учрыг нь олж амжаагүй дөнгөж цагаан бүстэй, урагдсан кимоно, нөхөөстэй шар өнгийн ачааны машины брезентэн дэвжээн дээр бэлтгэл хийж байсан гэхэд шүү дээ. Бас ханан дээр орон нутгийн жүдогийн багийн том зурагт хуудас, сагсан бөмбөгийн зураг байсан. Учир нь энэ заал жижигхэн ч гэсэн сагсан бөмбөгийн талбай болдог байсан юм.
"Би татами гэж юу байдгийг мэдэхгүй ч жүдогоор хичээллэдэг байлаа. Манай дасгалжуулагч бидэнд жүдо бөхийн анхан шатны хичээлийг зааж байсан. Нэг өдөр гадаадаас хүн ирэх гэж байна. Тэр бидэнд онцгой бэлэгтэй ирнэ” гэж л хэлсэн.
IJF-ийн мэргэжилтнүүд Хөвсгөл аймагт зочлохдоо тусгай хөтөлбөрийн хүрээнд жүдо бөхийн дэвжээнд зочилсон нь тэр байсан бөгөөд тэр үед Б.Баасанхүү инээмсэглэн байсан юм. Энэ айлчлал бидэнд маш их ач холбогдолтой байсан бөгөөд түүнд “Тэр үед чамд жүдо бөхөөр хичээллэх хүсэл илүү төрсөн үү? гэсэн асуултад тэр ингэж хариулав.
Гэрэл зураг:Анхны шинэ жүдоги авсан мөч
"Тэр өдрийг би үүрд санах болно. Тэр өдөр би жүдо бөхөөр улам сайн хичээллэхийг хүсэх болсон. Тиймээс илүү нухацтай, ач холбогдолтой ханддаг болсон. Хэсэг хугацааны дараа Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд явсан. Хөдөө орон нутагт байж байгаад цоо шинэ жүдогийн өмгсөл өмсөж, анхны хүрэл медалиа авч байлаа. Түүнээс хойш жүдо бөх миний амьдралд маш том байр суурь эзэлсэн" гэсэн юм.
Энэ жүдочинд бид үнэхээр түрүүлэх хүслийг нь өдөөсөн юм болов уу гэж би гайхаж л байна. Гэвч түүний гаргаж буй амжилт хэлснийг нь баталж байна. Б.Баасанхүү өөрт тулгарсан бэрхшээл, бэлтгэл сургуулилалтын нөхцөлөөс үл хамааран, магадгүй түүнд ялалт байгуулах хүсэл эрмэлзэлийг илүү өндөрт өргөж чадсан ч байж болох.
Бид түүнээс “Цаашдын аяллаа хэрхэн үргэлжлүүлэхийг хүсэж байна вэ?” гэж асуухад "Би амжилт гаргахад тусалсан бүх хүнд талархаж байна. Тиймээс намайг хүлээн авсан жүдогийнхон мөн Мөрөн хотын жүдогийнхондоо талархаж байна" гэв
Гэрэл зураг:Парист болсон Монголын медальтнууд
Түүний дараагийн зорилго юу вэ гэвэл мэдээж олимп. Яагаад гэвэл Парис, Тель-Авивын татами дээр Монголын тал, нутаг газар зүйн хувьд алс хол байсан ч жүдочны сэтгэлд нутгийн салхи үлээж, бие махбодод нь хүч авчирсан нь дамжиггүй. Тель-Авивын “Их дуулга”-ын өмнө дэлхийд 43-т бичигдэж байгаа тэрбээр чансааны хэд хэдэн шат ахих нь гарцаагүй.
Одоо түүний аялал олон улсын тавцанд дөнгөж эхэлж байгаа бөгөөд түүний залуу нас болон дэлхийн тойрогт анхны хоёр шагналын тавцанд зогссон тэр сайхан үеийн дурсамжаар үргэлжлэх боломжтой юм. Бавуудоржийн Баасанхүү минь жүдогийн “ертөнцөөр” сайхан аялж, арван жилийн өмнөх шигээ инээж, индэр дээр гарч байгаарай.
Эх сурвалж:https://www.ijf.org/news/show/from-the-mongolian-steppes-to-the-world-judo-tour?fbclid=IwAR39qTEbxjQzVyhnd-m9SceUNkHwDv5VJckr9652TJDP1tPmpTUh0KmFH3o