Сар бүрийн 1-нд архи, пиво буюу согтууруулах ундаа зарахгүй байх шийдвэрийг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга хоёрдугаар сарын 14-нд захирамж гаргаж сар бүрийн 1-нд архи, пиво буюу согтууруулах ундаа зарахгүй байх шийдвэрийг хүчингүй болгожээ. Тодруулбал, цар тахлын үед бүх үйлчилгээ 00:00 цагаас хаах захирамжийг хүчингүй болголоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллах хэрэгтэй юм.  

Зарим худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Нийслэлийн Засаг даргын А/177 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэхүү цагийн хуваарийн өөрчлөлттэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Бүх үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр хэвийн горимд шилжсэн. Гэвч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Хэвийн цагийн хуваарьт шилжиж байгаа нь цаашид цаг хэтрүүлсэн гэдэг юм уу янз бүрийн байдлаар аж ахуйн нэгжүүдийг торгож, хүндрэл учруулдаггүй болно гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд тогтоосон цагийн хуваарь, стандартаа мөрдөж ажиллах ёстой. Хэвийн мөрдөж ажилласан тохиолдолд ямар нэгэн дарам шахалт байхгүй" гэв. 

Харин ая тухтай дэлгүүрийн үйлчилгээний талаар иргэдийн дундах ойлголтыг тодотгох үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:

-Жижиглэн худалдааны стандартыг 2019 онд шинэчилсэн. Энэхүү стандартад ая тухтай дэлгүүрийн стандартыг багтаасан байдаг. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 283 ая тухтай дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Ая тухтай дэлгүүрийг иргэд CU болон  GS-25 дэлгүүрийн хэмжээнд ойлгодог. Тэгвэл үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд болох “Сансар”, “Номин”, “Миний дэлгүүр”-үүд ая тухтай дэлгүүрийн  стандартыг нэвтрүүлсэн. Ая тухтай дэлгүүрийн стандартыг хангасан аль ч дэлгүүр өөрийн ажлын байрандаа 24 цагийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байгаа хэмээн тайлбарлалаа. 


НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХУДАЛДАА,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН  ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЦАГИЙН ХЯЗГААР

№.  Худалдаа, үйлчилгээний төрөл   Ажиллах цагийн хязгаар

1.   Хүнсний худалдаа                                              00:00

2. Ресторан (зориулалтын байртай)                       05:00

З. Баар (зориулалтын байртай)                              05:00

4.  Кафе (зориулалтын байртай)                            05:00

5. Ресторан (нийтийн орон сууцанд байрладаг)   00:00

6. Баар (нийтийн орон сууцанд байрладаг)           00:00

7. Кафе (нийтийн орон сууцанд байрладаг)      .    00:00

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа  худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газар өглөөний 07:00 цагаас хойш үйл ажиллагаагаа эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЗАРИМ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХЯЗГААР

№  Худалдаа үйлчилгээний төрөл                           

1.  Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газар 

  • Зориулалтын байртай 24 цагаар ажиллах боломжтой
  •  Нийтийн орон сууцанд байрладаг 06:00 00:00

2.  Ая тухтай дэлгүүр 

  • Зориулалтын байртай 24 цагаар ажиллах боломжтой
  •  Нийтийн орон сууцанд байрладаг 06:00 00:00