“МОНГОЛИАН КОРПОРЕЙШН”-УУД ДАВАРСААР БАЙХ УУ?!

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Хөгжлийн банкийг уг нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 11 жилийн өмнө байгуулсан. Харамсалтай нь үе үеийн “улс төрийн эрх мэдэл”-үүд энэхүү банкийг цөлмөж иржээ. Тэд Хөгжлийн банкны хөрөнгийг улсын бус хувийнхаа “хөгжил”-д зориулсан нь эхнээсээ ил болж байна.

Ер нь бол Хөгжлийн банкнаас “зээл” аваад сурчихсан нарийн схемийн дагуу ажилладаг бүлэглэл маягийн нөхдүүд байдаг аж. Тэдгээрийн нэг нь “Монголиан корпорейшн” гэх нэртэй компаниудыг олноор нь байгуулсан сүлжээ юм байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч байснаар нь монголчууд сайн мэднэ дээ.

Сая, цагаан сарын өмнөхөн Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдээ зарлаж, Ерөнхий сайд хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгч, АТГ ч шалгалтын явцын талаарх зарим мэдээллийг олон нийтэд өгөв.

Энэ дунд мөнөөх нөхдүүдийн 2-3 зээл тууж явна. Тодруулбал, сүүлд АТГ руу шилжүүлсэн гэх 70 орчим чанаргүй зээлийн дунд Худалдаа хөгжлийн банк /Үндсэн зээл 3 тэрбум төгрөг, нийт дүн 3.01 тэрбум төгрөг, зээлийн эрсдэлийн сан 1.50 хувь буюу 0.05 тэрбум төгрөг , нийт барьцаа хөрөнгийн үнэлгээ 84.49 тэрбум төгрөг/, “Хөтөл” ХХК /Үндсэн зээл 61.3 сая ам.доллар буюу 174.39 тэрбум төгрөг, нийт дүн 297.33 тэрбум төгрөг, зээлийн эрсдэлийн сан 37.82 хувь буюу 110.24 тэрбум төгрөг, нийт барьцаа хөрөнгийн үнэлгээ 2.33 тэрбум төгрөг/, “Кью Эс Си” ХХК /Үндсэн зээл 151.58 тэрбум төгрөг, нийт дүн 181.66 тэрбум төгрөг, зээлийн эрсдэлийн сан 10.61 хувь буюу 19.27 тэрбум төгрөг, нийт барьцаа хөрөнгийн үнэлгээ 158.76 тэрбум төгрөг/ гээд байж байна.

Хоёр ч компанийнх нь зээлтэй холбоотой ноцтой зөрчил Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар илэрч байв. Ажлын хэсгийн 2019 оны тавдугаар сарын 22-нд танилцуулсан дүгнэлтээр, “Кью Эс Си” ХХК-д зээл олгох зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас байршуулсан эх үүсвэрийн хугацаа 2016 оны долдугаар сарын 1-ний өдөр төлөгдөж дуусаад уг зээлийг “Каргилл” Олон улсын санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлсэн. Тус зээлийн хүү жилийн 8.0 хувь, эх үүсвэрийн өртөг нь 11.845 хувь бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газраас зээлийн хүүг нэмэгдүүлэх санал хүргүүлсээр байтал хэвээр үлдээснээр тухайн үед банк шалгах өдрийн байдлаар 7.398.365.3 ам.долларын алдагдал хүлээсэн байна. Зээл олгох үед зээлийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх тухай дүгнэлт гаргасан Актив, пассивын удирдлагын газрын ахлах мэргэжилтэн А.Бат-Оргил нь 2011 оноос 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл “Кью Эс Си” ХХК-ийн толгой компани “Куалити стийл корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Оргил смарт солюшн” ХХК-ийг эзэмшиж байсан байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай” хуулийн 11.3 дахь заалтыг зөрчсөн. Хөгжлийн банкнаас гаргаж өгсөн Актив, пассивын удирдлагын хорооны хурдын материалд А.Бат-Оргил нь дээрх хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэж, шийдвэрлүүлсэн материал авагдаагүй.

Харин Хөгжлийн банкны Актив, пассивын удирдлагын хорооны 2014 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн эчнээ хурлаар Хөгжлийн банкны гадаад эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг төгрөгт хөрвүүлэн, хөрвүүлсэн төгрөгийн чөлөөт үлдэгдлийг хэрхэн зарцуулах тухай дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс өгсөн чиглэлийн дагуу “...Хөгжлийн банкны өөрийн татан төвлөрүүлсэн ам.долларын эх үүсвэрийн үлдэгдлээс 55 сая ам.долларыг 1895 төгрөг гэсэн Монголбанкны ханшаар Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Монголбанкинд своп арилжаагаар 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр худалдах” гэсний дагуу эх үүсвэрийн хэлбэрийг өөрчилж зээлийг олгосон. Д.Эрдэнэбилэг нь өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкнаас Хөгжлийн банкинд эх үүсвэр байршуулах замаар ТУЗ-ийн даргаар нь ажилладаг компанийн охин компанид зээл олгуулж, нэг талаас дээр дурдсан свопын хэлцлээс 8.1 тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банкинд, нөгөө талаас Хөгжлийн банкинд 66.5 сая ам.долларын муу зээл, хүүгийн өр үүсгэж, энэ хэмжээгээр эрсдэлийн сан үүсэх нөхцөл бүрдүүлжээ. Тиймээс энэ зээлийг хууль зөрчиж олгосны улмаас банкинд их хэмжээний хохирол учирсан тул дээрх шийдвэрүүдийг гаргасан ажилтан, албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж,банкны хохирлыг барагдуулах шаардлагатай гэсэн.

“Кью Эс Си” ХХК-ийн хувьд Төмөртэйн уурхай хүртэл нийт 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих төсөл хэрэгжүүлэхээр 2014 онд Хөгжлийн банкнаас зээл авсан. Төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлд 2019 оны тавдугаар сарын байдлаар 2017, 2018 онуудад “Кью Эс Си” ХХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэвийн явагдсан хэдий ч вагон тээвэрлэлт хангалтгүйн улмаас төмрийн хүдрийн баяжмал борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 2017 онд 29.76 хувь, 2018 оны эхний 10 сарын байдлаар 37.79 хувьтай, биелэлт хангалтгүй байсан гэж мэдээлж байжээ. Мөн “Хөтөл” ХХК /”Бэйзмэнт” ХХК/ нь “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн технологийн шинэчлэл хийх төсөл хийж 2012 онд 61.3 сая ам.долларын зээлийг авсан. Зээлдэгчийн зүгээс валютын ханшийн алдагдал, зах зээл дэх цементийн нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан, тоног төхөөрөмж жигдрээгүйн улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй зэрэг шалтгааныг Хөгжлийн банкинд мэдэгдсэн байна. Хөгжлийн банкны зүгээс 2015, 2016 онуудад хоёр удаа Зээлийн удирдлагын хороо, ТУЗ-ийн шийдвэрүүдээр хуваарт өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаж, хүүг 8.1 хувиас 7.85 хувь болгож бууруулсан байна. Эцэст нь уг зээлийн асуудлыг хууль, хяналтын байгуулагад шилжүүлж, тусгай активын нэгжтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Нөгөө талаас ингэж авсан зээлээ юунд зарцуулдаг вэ гэдгийг заавал ярих ёстой. Зориулалтын бусаар зарцуулдаг нь шалгаж бариад байхгүйгээр ил болчихсон. Тэр ч байтугай энэ зээлүүдийн дийлэх нь “Эрдэнэт”-ийг худалдаж авахад зориулагдсан нь тодорхой болсон. “Кью Эс Си” ХХК-иас гэхэд 62.9 сая ам.доллар нь 2016 оны зургадугаар сарын 17-нд “Монголиан коппер корпорейшн” руу орж, тэндээс Оросын “Альфа” банкаар дамжиж “Эрдэнэт” -ийн 49 хувийг худалдан авахад зарцуулагдсан.

Үүнээс гадна тэд эзэмшлийн банкууддаа барьцаалагдсан уул уурхайн орд, үл хөдлөх хөрөнгө зэрэгт их хэмжээний “хөрөнгө оруулалт” хийх замаар булааж авдаг гэх гомдол, мэдээлэл маш их болж байна.

Нэг жишээ хэлье. Гурван жил шахмын өмнө дээр дурдсан Хөгжлийн банкны асуудал босох үеэр 2019 оны зургадугаар сарын 12-нд “Рэмет” ХХК-ийн захирал С.Ганбат АТГ-т хандсан байдаг. “Рэмет” ХХК нь 2009 оноос ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна. Тус компанийн захирал С.Ганбат “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн захирал Ч.Орхонд холбогдуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хандаж байгаагаа бичсэн аж.

Ч.Орхон гэдэг нь 2006 онд Сүхбаатарын талбайн урд хэсгийн газрыг авчихсан байсан “Ю Би констракшн” ХХК-ийн захирал гэдгийг бид мэднэ. Хэрэг явдал юу болж, “Рэмет” ХХК-ийн захирал яагаад “гомдсон” бэ гэхээр, “Рэмет” ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшигч Г.Чинзориг нь Улаанбаатар хотын банктай 2009 оны аравдугаар сарын 7-нд зээлийн гэрээ байгуулж , 967 мянган еврогийн зээл авчээ. Ингэхдээ тус компанийн 20 хувийг эзэмшдэг З.Мөнхбаярт мэдэгдэлгүйгээр Баян төмөртэйн MV-014937А лицензийг Улаанбаатар хотын банкинд барьцаалчихсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Г.Чинзориг нь өөрийнхөө эзэмшлийн 80 хувийн хувьцааг барьцаалж зээл авахдаа уг лицензийг тэр чигээр нь тавьчихсан байгаа юм. Улмаар Улаанбаатар хотын банк нь “Рэмет” ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэдэг шалтгаанаар Баян төмөртэй нэртэй газарт ашигт малтмалын MV-014937А лицензийг “Монголиан тангстен корпорейшн” ХХК-д шилжүүлсэн байна.

Уг нь холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтаар хоёр буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй компанийн эзэмшлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ заавал компани болон хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж, зохих шийдвэр зөвшөөрлийг авах учиртай. Гэтэл тэгсэнгүй. Түүгээр ч барахгүй, АМГ-аас “Эрх бүхий захиргааны байгууллагаас лицензийг шилжүүлэхээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна” гэсэн ч удалгүй энэ байр сууринаасаа буцсан байгаа юм

Тиймээс “Рэмет” ХХК-ийнхан “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн захирал Ч.Орхоныг Улаанбаатар хотын банкинд эрх бүхий албан тушаал хашиж байснаа өөрийн хууль бус үйлдлээ гүйцэлдүүлэхэд ашигласан гэж үзэж буй аж. Өөрөөр хэлбэл, ингэж бусдын хөрөнгийг хууль бусаар авахад банкны буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгө хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэнэ. Учир нь “Монголиан тангстен корпорейшн” ХХК нь ердөө нэг сая төгрөг буюу 300 гаруйхан еврогийн өөрийн хөрөнгөтэй атал 15 орчим тэрбум буюу 5.6 сая еврог хаанаас, яаж олоод “Рэмет” ХХК-ийн эзэмшлийн MV-014937А лицензийг авсан нь тодорхойгүй байгаа аж. Тэгэхээр Хөгжлийн банкнаас гаргасан эдгээр чанаргүй зээлийн олголтоос гадна “зээлдэгч” ноёд, хатагтай нар мөнгөө хааш нь яаж зарцуулсан бэ гэдгийг АТГ нарийн шалгах ёстой гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, энэхүү “Монголиан корпорейшн”-уудын хамаарал, холбоо сүлбээ бүхий компаниудын хууль бусаар авсан зээл, түүнийг дээрх мэтээр өөр “худалдан авалт”-уудад зарцуулах зэрэг хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг шүүгчид хүртэл байдаг. Одоо ч ажиллаж байна. Монгол хүн, Монгол Улсдаа мэргэжлээрээ чөлөөтэй ажиллах эрхтэй. Гэхдээ хууль бус үйл ажиллагаатай нэр холбогдох, тэдгээртэй холбоотой шийдвэрт нөлөөлөл үзүүлсэн байх магадлал үүсгэх нь Монгол Улсын хуулиудаар хориотой юм. Өөрөөр хэлбэл, "Монголиан корпорейшн"-ууд даварсаар байх уу, хууль бус ажиллагааг нь таслан зогсоох уу гэдгийг хууль, шүүхийнхэн шийднэ.