Засгийн газрын хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийж байна

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаан эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
  • Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилохоор болсон байна. Харин Б.Баасандоржийн албан тушаалд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилох бол Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар сэлгэн томилох гэнэ.

Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогтыг, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дэмжсэн юм.