УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 мянган иргэн тэтгэвэр авч байна. Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх тухай тусгасан.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг орчим байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд орсон байгаа энэ цаг үед тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна. Нийт хүн амын 30 гаруй хувь буюу 900 орчим мянган хүн ядуу гэсэн ангилалд байгаагийн гол хувийг тэтгэврийнхэн эзэлдэг. Тэтгэвэр авах насыг хуулиар нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас руу улирал тутам гурван сараар нэмэгдээд явж буй. Монголд эрэгтэй хүний дундаж наслалт 66, эмэгтэй 75 байна. Насаараа НДШ-ийг төлчихөөд маш бага хугацаанд тэтгэвэр авах нь шударга бус. Тэтгэврийн зээлийг тэглэснээс хойш 71 мянган тэтгэвэр авагч 90 орчим тэрбумын зээлийг шинээр авсан байна. Энэ хүмүүсээс тодорхой хувь нь бурхны оронд очвол тэтгэврийн зээлээс нь нэг удаа чөлөөлдөг хуулийн төслийг санаачиллаа. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ныг хүртэл үргэлжилнэ. Одоо малчдад өнөөдрөөс эхлээд 16 хоног байна. Энэ хоногт амжаад дээрх хуулийн хүрээнд сарын 42 мянга буюу жилийн 504 мянган төгрөгийг төлбөл НДШ цаг хугацаанд төлөгдсөнөөр тооцно. Энэ боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ашиглаарай. Монгол Улс нийтдээ 280 мянга орчим малчинтай. Үүнээс 20 гаруй мянга нь НДШ төлдөг. Малчдын тэтгэврийн насыг нааш нь татсан. Хэдийгээр энэ хууль байгаа ч сар бүр тогтмол төлж чаддаггүй” гэлээ.