БНСУ-д суугаа Элчин сайд болон  Пусан дахь Консулын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

БНСУ-д суралцдаг монгол охиныг дээд ангийнх нь сурагчид зодож, бичлэг хийн бусдад худалдсан хэрэг гарсан.

Гэвч тус улсад манай улсаас суух Элчин сайд болон холбогдох албаныхан энэ хэрэг дээр тодорхой арга хэмжээ аваагүй гэх асуудал олны анхаарлыг татаж, хохирогч охины ээж Элчин сайдын яамандаа хандах гэсэн ч бидэнд тусална гэсэн итгэл төрөөгүй хэмээсэн. Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэдийхээ эрхийг хамгаалах ажил хийгээгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг өнгөрсөн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол  Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Мөн сайд Б.Батцэцэг өөрийн эрх мэдлийн хүрээнд БНСУ-ын Пусан дахь Консулын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ташрамд мэдээлэхэд, БНСУ-ын хууль, шүүхийн дүгнэлт гарчихсан ч охины хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгч аван ажиллах нь зүйтэй гэж охины гэр бүл үзэж буйгаа мэдэгдсэн. Хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч тухайн сурагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзсэн байдаг. Тиймээс хүчирхийлэлд өртсөн монгол охины эрхийг хамгаалж, хэргийг нь үнэн зөв шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй цахим самбарт зарга үүсгээд байсан бөгөөд саналын тоо 200 мянга хэдийн даваад байгаа юм.