Өнөөдөр 12 сарын 3 буюу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”. Албаныхны мэдээлснээр Монгол Улсад нийт 108,399 хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг бөгөөд тэдгээр иргэд маань эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тээвэр зэрэг үйлчилгээг жирийн иргэдийн адил авах ёстой ч харамсалтай нь цаг үргэлж ямар нэг саад бэрхшээл тулгарсаар байдаг.
Тэгвэл энэ жил Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар/ХБХХЕГ/-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө, тэдний эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, эрх тэгш мэдээллийг олгох, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох эрхийг хангах зорилгоор томоохон арга хэмжээ зохион байгуулж буй нь БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ аян юм. Товчхондоо ХБХХЕГ-аас энэхүү аяныг зохион байгуулснаар иргэд олон нийтийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг өөрчилж, эхнээсээ үр дүнгээ өгч эхлэв. Тухайлбал, зарим төрийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үйлчлүүлэх боломжоор хангасан бол нөгөө хэсэг нь орж гарах шатыг стандартад нийцүүлэх зэргээр дор бүрнээ анхаарал хандуулж эхлэв. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын асаргаанд байдаг бус харин жинхэнэ үйлдвэрлэгчид байж чаддаг юм гэдгийг энэ аянаар олон нийтэд нотлон харуулж чадав.
Иймээс хөгжлийн бэрхшээлийг даван туулж, түүнтэй зохицон амьдарч байгаа хүн бүрийн хувьд эрхээ эдлэх, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх боломжтой энэ өдрөөр ХБХХЕГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийж буй олон ажлаас онцлон хүргэе.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Бэрх биш-ээлтэй” аяны туг аялуулах, хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх тугийг аялуулав. Энэхүү аян нь Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл зэрэг зургаан аймаг, Багануур, Багахангай, Налайх зэрэг гурван дүүргийн хэмжээнд тус бүр 1 сарын хугацаатай өртөөлөн аялах юм.
- Амжилттай хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон жишээг сонирхолтой жишээг цуврал контент хэлбэрээр үзүүлж буй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэн нэгний асаргаанд байж, төрөөс халамж хүртэгчид биш харин жинхэнэ үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид байж чаддаг юм гэсэн ойлголтыг нийгэмд тод томруунаар харуулж чадав. Мөн өөрөө өөрсдийгөө ялан дийлж салбар салбарт амжилттай ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энэ нийгмийн ДУУ ХООЛОЙ болгож чадлаа.
- Орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, харилцааны онцлог, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өгч ажилласан нь төрийн тусгай чиг үүргийн алба хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох талаар том хичээл болов.
- “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд их, дээд сургууль, политехник коллежийн оюутан залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа, гарц гаргалгааг нээн илрүүлэх зорилгоор “ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН”-ийг ХБХХЕГ болон МУИС хамтран зохион байгуулав.
- "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Монголын тусгай олимпын хороотой хамтран "Бяцхан тамирчин" өдөрлөг арга хэмжээг өнгөрөгч баасан гарагт ХБХСЗХТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 2-8 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан нь аав, ээжүүдийн хувьд хамгийн нандин мөчийг бүтээлцэж чадав.
- "Бэрх биш ээлтэй" аяны хүрээнд “ЭЭЛТЭЙ орчны 5 алхам”-ыг нэрлэж байгууллага, хамт олныг уриалж, стандартыг танилцуулснаар төрийн болон төрийн өмчийн бус олон байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлүүлэх боломж нөхцөлөөр хангахаар дор бүрнээ хичээж ажиллаж эхлэв.
- БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар хэлэлцсэн. Улмаар ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦНЫ КВОТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ чиглэл өгсөн нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн таатай мэдээлэл болов.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аж ахуй нэгж байгууллагад танилцуулах, нээлттэй ажлын байранд зуучлах “Ээлтэй экспо-2021” арга хэмжээг ХБХХЕГ, “Эйч Ар” клубтэй хамтран зохион байгууллаа. “Ээлтэй экспо-2021” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт 45 орчим аж, ахуй нэгж байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж өгөхөөр нэгдсэн юм.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АСУУДАЛ МАНАЙ САЛБАРТ ХАМААГҮЙ ГЭЖ ХЭЛЖ ХАНДАЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ.
БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ БАЙЯ.
Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5.1.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих” гэж заажээ.